/NHK/. Японд пүрэв гарагт коронавирусний халдварын 3200 гаруй тохиолдол илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ингэснээр Японд халдвар авсан хүний нийт тоо 191 мянга давж, 2800 гаруй хүн нас барсан байна. Токио хотод пүрэв гарагт халдварын 822 шинэ тохиолдол илэрсэн нь мөн л өмнө нь бүртгэгдэж байгаагүй үзүүлэлт болжээ.
Токиогийн засаг захиргаа халдварын үзүүлэлтүүд нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн тогтолцооны түгшүүрийг анх удаа хамгийн өндөр түвшинд хүргэж ахиулсан байна.
“Халдвар авсан өвчтөнүүдийн тоо олноор нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмнэлгийн ачаалал хэтэрч болзошгүй байна” гэж Токио хотын Эмнэлгийн холбооны дэд дарга Инокүчи Масатака мэдээлжээ.
Эрх баригчид халдвар хүндээр илэрсэн өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх орны тоог 200-250 болгон нэмэгдүүлэхийг Токио дахь эмнэлгүүдээс хүссэн байна.
Мөн Токио хотын захирагч баярын амралт болох гэж байгаа тул анхаарал болгоомжоо нэмэгдүүлэхийг оршин суугчдадаа уриалжээ.