Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын 4 тохиолдол бүртгэгджээ

оруулсан Алсын Хараа

 Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний 11 сард 31.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 8319 буюу 21.0 хувиар буурчээ.

Үүнд, салхин цэцгээр өвчилсөн 6248 тохиолдол буюу 69.0 хувиар, цусан суулгаар 2626 буюу 50.3 хувиар, вирүст хепатитаар 130 буюу 28.2 хувиар, сүрьеэгээр 233 буюу 6.9 хувиар багассан нь голлон нөлөөлжээ.

Харин мөөгөнцрөөр өвчлөгч 1418 буюу 85.4 хувиар, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгч 194 буюу 10.3 хувиар, трихомониазаар өвчлөгч 297 буюу 7.6 хувиар, ХДХВ/ДОХ-оор өвчлөгч 7 буюу 43.8 хувиар нэмэгджээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны 11 дүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1030 болж, өмнөх сараас 384 буюу 27.2 хувиар, цусаар дамжих халдварын тохиолдол 27 болж, 4 буюу 12.9 хувиар, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 1279 болж, 40 буюу 3.0 хувиар, гэдэсний халдварт өвчин 92 болж, 133 буюу 59.1 хувиар буурч, харин бусад өвчлөл 636 болж, 371 буюу 58.3 хувиар нэмэгджээ.

Улсын хэмжээнд 2020 оны 11 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын 4 тохиолдол илэрч, нийт тохиолдол 309 болсон байна.

/МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих