Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
"Өчигдөр улсын хэмжжэнд нийт 8,574 хүнд шинжилгээ хийхэд 5 хүний шинжлигээнд коронавирус илэрсэн байна. Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 912 боллоо. Үүнээс 384 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар 519 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа иргэдийн биеийн байдал:
- Хөнгөн-438
- Хүндэвтэр-75
- Хүнд-5
- Маш хүнд-1 хүн байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Улсын хэмжээнд оношилгооны цэгүүдэд 387,697 хүн очиж, коронавирус илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамрагджээ. Өнгөрсөн 24 цагийн цагийн хугацаанд тусгай дугаарын долоон утсанд 8,208 хүн хандаж зөвлөмж зөвлөгөө авсан бол ЭМЯ-ны 32-30-02 дугаарын утсанд 152 хүн холбогдож, зөвлөгөө авчээ.
Дэлхий дахинд коронавирусийн халдвар 218 улс орон, нутаг дэвсгэрийг хамран тархаж, одоогоор уг халдвараар 70.4 сая хүн өвчилж, 1.5 сая эндсэн бол 50.8 сая хүн эдгэрээд байна" гэсэн мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа болон Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчийн асуултад хариуллаа.
-Амгалан гаалийн газрын ажилтан хаанаас халдвар авсныг тогтоосон уу?
А.Амбасэлмаа: -Амгалан гаалийн ажилтан болон тухайн хүний хүүхэд нь коронавируст халдвараар өвчилсөн. Ер нь Монгол Улс халдварын хэд хэдэн голомт бүхий нутаг дэвсгэртэй болсон.
Ялангуяа, Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт өвчлөлийн том голомт үүссэн. Ийм голомт үүссэн дэгдэлтийн дараа коронавируст халдварын өвчлөл алаг цоог бүртгэгдэх асуудал байдаг. Энэ бол шинэ бөгөөд агаар дуслын замаар дамждаг халдварт өвчин учраас хаанаас ч халдвар гарах эрсдэл өндөр.
Бид халдварын нууц үеийн эхний 14 хоногт хавьтлууддаа хяналт тавьж, дараагийн 14 хоногт эгзэгтэй цэгүүд болон хүн ам олноор төвлөрдөг үйлчилгээний газруудад шинжилгээ хийдэг. Энэ шинжилгээнүүдийг хийх явцдаа тухайн гаалийн ажилтны халдвартайг илрүүлсэн.
Цаашид томоохон худалдааны төв, тээврийн үйлчилгээний газруудын ажилчдад хяналтын чиглэлээр шинжилгээ хийнэ. Одоогоор тухайн иргэний ойрын болон хоёр дахь хавьтлын 200 гаруй хүн, нийслэлийн гаалийн 150 хүнд тус тус шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Хяналт, тандалт үргэлжилж байна. Халдварын эх уурхай нь тандалтын явцад тогтоогдоно.
-ХӨСҮТ-д томографын аппарат байдаггүй гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү. Эдгэрсэн хүмүүсийнхээ уушгийг уг аппаратаар харах шаардлагатай юу?
А.Амбасэлмаа: - ХӨСҮТ-д томографын аппарат байгаа. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудыг эмчлэх үеэс эхлээд рентген томографын аппаратаар өвчтөнүүдээ хянаж буй. Эдгэрсэн хүмүүсийг ДЭМБ-аас гаргасан тодорхой шалгуурын дагуу үзэж, эмнэлгээс гаргаж буй.
-Коронавирус илрүүлэх шинжилгээ өгөөд буцсан хэчнээн иргэн байгаа вэ. Өгч амжаагүй болон өгсөн ч хариу нь гарч амжаагүй хэчнээн иргэн байгаа вэ?
Д.Нарангэрэл: - Улаанбаатар хотоос гарах хүсэлтэй 387,687 иргэн шинжилгээ хийлгэхээр хандсан. Өнөөдрийн байдлаар 380,329 хүний шинжилгээ бүрэн хийгдсэн. Тухайн иргэдийн шинжилгээ бүгд сөрөг гарсан.
Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын товчоогоор 1,771 иргэн гарсан бол 2,062 иргэн хотод орж иржээ.