Засгийн газраас гаргасан эдийн засгийг дэмжих арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна. Зарим аж ахуйн нэгж, айл өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртлэх хугацаанд тэглэж байгааг Ерөнхий сайд мэдэгдэв. Үүнд шаардлагатай 650 тэрбум төгрөгийг Эрдэнэс үйлдвэр хариуцах аж.
Тэгвэл 650 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хэрхэн хариуцах талаар тус үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгээс тодрууллаа.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ны захирал Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр 2019 онд төрийн өмчийн үйлдвэрийн газар болсон. Үүнээс хойш өртөг зардлаа хямдруулах ажлыг бүх түвшинд хийж байгаа. ТӨҮГ болоод орлогоо нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийсэн.
Үйл ажиллагааг 2031 он хүртэл хөгжүүлэх бичиг баримтыг батлуулсан. Энэ чиглэлийн дагуу бид ажиллаж байна. Зардлаа татах ямар боломж байгааг судална. Нөгөө талаар 2021 оны төсөв төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар хэлэлцүүлнэ. Тодорхой хугацаанд хөрөнгө оруулалтаа царцаах асуудал гарна гэж бодож байна. Цар тахлын энэ үед Эрдэнэт үйлдвэр нэлээд бэлтгэлтэй байсан.
Олон улсын арбитрын шүүхээр хэлэлцсэн Казахстаны компаниас авах 20 сая ам.долларыг 2019 онд авч чадсан. Мөн 60 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Нийтдээ 150 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт, авлага авсан. Өнөөдрийн шийдвэрийг эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг зарчмаар шийдвэр гаргалаа. 100 хувь төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр энэ хэцүү цаг үед үүргээ хэрэгжүүлэх нь зүйн хэрэг.
Сангийн яамнаас гаргаж өгөх хуваарь графикийн дагуу төлбөрийг хийнэ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь 2019 онд 933 тэрбум төгрөгийн татвар төлсөн. 2020 онд нэг их наядыг давсан татвар улсад төлж байна.