Л.Оюун-Эрдэнэ: Дубайн гэрээг цуцлах санал гаргасан

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 1-нээс эхлэн ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, ус, дулааны төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан. Үүнд шаардлагатай 650 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс гаргахаар болж байгаа юм.

Үүний адилаар нийгмийн хариуцлагын төсөл, арга хэмжээнд Оюу толгойн төслийг татан оролцуулах боломжтой эсэх талаарх сэтгүүлчийн асуултад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.

Тэрбээр, "Оюу толгойг Монгол Улсад илүү үр өгөөжтэй байлгах талаар ажлын хэсэг хичээнгүйлэн ажиллаж байгаа. Хөрөнгө оруулагч талд бид дандаа бууж өгч, найр тавьж, аргадаж ирсэн. Цаашид тэгэхгүй гэж бодож байгаа.

  • Дубайн гэрээг цуцлах санал тавьсан. Гэхдээ бид дангаараа цуцалж чадахгүй.
  • Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулан, эрчим хүчээ 100 хувь өөрсдөө хангадаг болох санал тавьсан. Хэлэлцээрийн түвшинд явж байна.
  • Рио Тинто компани Канадад төлдөг татвартай адил хэмжээний татварыг Монголд төлөх нэхэмжлэл гаргаж байна. Эхний ээлжид 155 сая ам.доллар төлөхийг нэхэмжилж, арбитрын маргаан үүсгэсэн.
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд солигдсон. Уул уурхай, санхүүгийн чиглэлийн шинжээч нар ажиллаж байна. Мөн жижиг хувьцаа эзэмшигчидтэй хамтран ажиллаж байгаа.
  • Монгол Улсад нийгмийн хариуцлагын төслүүд, Засгийн газарт хэрэгтэй төслүүдийг Оюу толгойн төслөөс шууд санхүүжүүлэх санал тавьсныг эхний ээлжид хүлээж авсан. Иймд цаашид эрүүл мэнд, боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтыг Оюу толгойн төслөөс санхүүжүүлэхээр эхний ээлжид яригдаж байгаа.

Энэ цаг үед Австралид агуй нурсантай холбоотойгоор Рио Тинто компанийн удирдлагын бүрэлдэхүүн бүхэлдээ солигдож байгаа бөгөөд шилжилтийн явц дөрөвдүгээр сарын 15-н хүртэл үргэлжлэхээр байгаа. Иймээс бид хэлэлцээр хийх бэлтгэл ажлаа хангаж байна. Олон улсын хэлэлцээр тул хоёр тал зөвшилцөлд хүрч чадахгүй бол арбитраар шийдэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон" гэв.

ikon.mn

Сэтгэгдэл бичих