БҮХ АЙЛ ӨРХ, ЗАРИМ АЖ АХУЙН НЭГЖИЙН ЦАХИЛГААН, ДУЛААН, УС, ХОГНЫ ТӨЛБӨРИЙГ ТӨР ТӨЛНӨ

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох сайд нар мэдээлэл өгөв.

Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр төлнө

Улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар боллоо. 100 м.кв-аас доош талбайтай орон сууцны айл өрхийн дулааны төлбөрийг тэглэж байна. Өөрөөр хэлбэл тухайн айл өрх 120 м.кв талбайтай байранд амьдардаг бол 20 м.кв талбайд ногдох дулааны мөнгөө л төлнө.

-       Төсөвт байгууллага

-       Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд

-       Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр

-       Банк, банк бус санхүүгийн байгууллага

-       Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч

-       Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

-       Интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

-       Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

-       Өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэр төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.

Төлбөр тэглэсэнтэй холбогдуулан 650 тэрбум төгрөгийг "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газар гаргах юм. 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл:

-       Гэр хорооллын айл өрх дунджаар 240-530 мянган төгрөгийн цахилгааны

-       Орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамаарч 560 мянгаас 1,1 сая

-       Жижиг, дунд аж ахуйн нэгж 7-30 сая

-       Томоохон аж ахуйн нэгж 500 саяас 1,4 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны мөнгө хэмнэх тооцоо гарчээ.

"Засгийн газар аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байгаагийн хэрээр аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй байх ёстой. Даваа гарагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Одоо халдвар авахгүй, тархаахгүй байх нь иргэн бүрийн ухамсар, үүрэг, хариуцлагаас хамаарна. Төр засаг, аж ахуйн нэгж, иргэд хамтдаа цар тахлын үеийг давж гарахын төлөө зүтгэе" гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Энэ сард дөрвөн удаа тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтэй 3,800 гаруй хүн, үүнээс БНСУ-д 3,300, Европын улсуудад 250, АНУ-д 150, Австралид 100 орчим иргэн байна. Хөл хорионы дэглэм, тусгаарлах байрны боломжийг харгалзан 12 дугаар сард Токио, Сөүл хот руу тус бүр нэг,  Франкфурт чиглэлд  хоёр удаа тусгай үүргийн нислэг үйлдэнэ. 2020 оны 12 дугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 1,301 хүн тусгаарлах байранд байна. 70 гаруй зочид буудлын 32-ыг нь цаашид ашиглаж болно гэсэн дүгнэлт гарсан. Цаашид "Нэг хүн-Нэг өрөө", "Нэг өрх-Нэг өрөө" зарчмыг хатуу баримталж, зочид буудлын коридорт камер суурилуулан хөдөлгөөн гарсан тохиолдолд зарлан мэдээлэх систем бий болгож байна.

Орон нутгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 18 хүртэл Улаанбаатар хотоос явуулна

Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 18-ны 06.00 цаг хүртэл буюу дөрөв хоногийн хугацаанд гаргана. Иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх ёстой. Үүнээс гадна 12 дугаар сарын 24 хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулна. Бусад тохиолдолд хотоос аймаг, сум чиглэсэн хөдөлгөөний хязгаарлалт дээрх хугацаанд хэвээр үргэлжилнэ. "Ковид-19"-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөнө. Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой, тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ёстой юм.

Товч мэдээ

-       Нэг тн сайжруулсан шахмал түлшний үнийг өмнө нь 50 хувь бууруулсан байсныг 75 хувь болголоо. Ингэснээр иргэд нэг тн сайжруулсан шахмал түлшийг 37,500, нэг шуудайг нь 937 төгрөгөөр авах боломж бүрдлээ. Үнийн зөрүү болох 69 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" компани гаргана.

-       Улсын хэмжээнд 14,3 мянган тн мах, 110 орчим мянган тн гурил,  1,5 мянган тн гурилан бүтээгдэхүүн, 8 мянган тн төрөл бүрийн будаа, 1,2 мянган тонн хуурай сүү, 1,4 сая ширхэг өндөг, 1,8 мянган тон ургамлын тос, 103 мянган тн төмс, 44 мянган тн хүнсний ногоо, 4,6 мянган тн элсэн чихрийн нөөцтэй байна. Ойрын өдрүүдэд импортоор орж ирэх бүтээгдэхүүний тоо, хэмжээ зэргийг нэмж тооцвол хангамж, нөөц тогтвортой гэсэн үг юм.

Эх сурвалж: Zasag.mn

Сэтгэгдэл бичих