Эрүүл мэндийн яамнаас COVID-19 цар тахлын нөхцөл байдлыг танилцууллаа. Өчигдөр 14,987 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрсэн байна. Тухайн хүн нь Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байсан сувилагч бөгөөд эмчилгээ, тусламж үзүүлж байгаад тусгаарлагдаад байсан аж.
Тэрбээр "2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд улсын хэмжээнд 14,987 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Уг тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан сувилагч бөгөөд тусгаарлалтын 14 хоногийнхоо долоо дахь өдөрт шинжилгээ өгөхөд ийнхүү вирусийн халдвар илэрсэн. Бусад голомтод халдварын тохиолдол нэмэгдээгүй. Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 454 байна" гэлээ.
Ингэснээр Монгол Улсад дотоодод болон зөөвөрлөгдөн орж ирсэн нийт батлагдсан тохиолдлын тоо 907 боллоо. Үүнээс 384 хүн эдгэрсэн.
Коронавирусийн халдвар авсны улмаас 514 хүн эмчлэгдэж байгаагаас 429 хүний бие хөнгөн, хүндэвтэр 79, хүнд 5, маш хүнд хүн нэг байна.
Дотоодод бүртгэгдсэн 454 тохиолдол:
- Улаанбаатарт 138
- Сэлэнгэ 208
- Орхон 25
- Архангай 3
- Дархан-Уул 45
- Говьсүмбэр 4
- Дорноговь 31
Түүнчлэн Эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдварын тоо 21 болов. /2020.12.13-ны байдлаар/
- ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт - 17
- Цэргийн төв эмнэлэгт - 4
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, "Манай улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 907 болсон. Улсын хэмжээнд нэлээд олон оношлогооны цэгүүд ажиллаж байгаа. Эдгээр цэгүүдээр 378,541 иргэн шинжилгээнд орсон байна. ЗӨСҮТ-ийн баг Сэлэнгэ аймагт ажиллаж нийт 19 обьектын 7,550 м/кв талбайг ариутгасан. Мөн тус төвийн явуулын лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж 245, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллаж 537 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр коронавирус илрээгүй байна.
ЭМЯ болон харьяа байгууллагуудад долоон тусгай дугаар ажиллаж байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,633 хүн хандаж зөвлөлөө авсан. Мөн 24 цагийн хугацаанд 2,500 гаруй эрүүл мэндийн салбарын ажилтан коронавирусийн халдварын голомтод ажилласан байна. Дэлхий даяар коронавирусийн халдвар эрчтэй нэмэгдэж байна.
Жишээ нь, БНСУ-ын хувьд өнгөрсөн Бямба гарагт хамгийн олон тохиолдол буюу 950 тохиолдол бүртгэгдсэн. Халдвартай нь тогтоогдсон гурван хүн нь нэгэн хотын сүмийн үйл ажиллагаанд оролцсон. Тэнд байсан хүмүүс амны хаалтгүй дуулсан, амттан хувааж идсэн гэдэг өгүүлжтэй байгаа.
Нэг л хүний, нэг хэсэг хүний хариуцлагагүй байдал улс оронд гарз хохирол учруулж, цаашлаад хүний амь насанд эрсдэл учруулахад хүргэж байгааг энэ жишээ харуулж байна. Манай улсын хувьд маргаашаас 34 байгууллагын үйл ажиллагаа эхэлнэ. Үйл ажиллагаа нь эхлэх олон байгууллага анхаарлаа сулруулж болохгүй гэдгийг сануулж байна." гэлээ.