Олон улсын наадмуудаас хэд хэдэн шагнал хүртэж байсан Өмнөд Солонгосын кино найруулагч Ким Ки Дук коронавирусийн халдварын улмаас нас барсан тухай эх сурвалжууд Баасан гарагт мэдээлжээ. 59 настай найруулагч Латвийн эмнэлэгт хэвтсэнээсээ хойш хоёр хоногийн дараа нас барсныг Бусаны олон улсын кино наадмын гүйцэтгэх захирал Жон Ян Жүн өчигдөр Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлсэн байна. Орос, Латвийн хэвлэлүүд энэ мэдээлэл үнэн болохыг баталжээ.
Ким Ки Дук нь 2014 онд “One on One”, 2012 онд “Pieta”, 2011 онд “Arirang” кинонуудаараа Венец, Канн, Берлиний наадмуудаас шагнал хүртэж байв. Нэр нөлөөтэй эрчүүдийн үйлдсэн бэлгийн дарамтын хэргүүдийг илчлэх #MeToo хөдөлгөөний хохирогч болсныхаа дараа тэрбээр Өмнөд Солонгосоос ОХУ-д, дараа нь Казахстанд дүрвэн амьдарч байжээ.
Сүүлд тэр Латви улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авч, байнга оршин суух зөвшөөрөл хүсээд байсан юм.
Ким Ки Дук 2019 онд Москвагийн Олон Улсын Кино Наадмын нэг шүүгчээр ажиллаж, энэ оны эхээр Казахстанд “Dissolve” нэртэй киног найруулж байжээ. Түүнийг Өмнөд Солонгосын кино урлагийг дэлхийн тавцанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг гэж үздэг.
Эх сурвалж: Korea Times