Монголд 2019 онд хорт хавдрын 6045 тохиолдол шинээр бүртгэгджээ

оруулсан Алсын Хараа

Амбулаторид бүртгэгдсэн хавдрын тархалтын түвшин (10000 хүнд ногдох) сүүлийн 10 жилийн байдлаар 2019 онд улсын хэмжээнд 212 болж, сүүлийн 10 жилийн дунджаас 34-өөр, өмнөх оныхоос 11-ээр тус тус нэмэгдсэн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Хүн амын хавдар өвчний тархалтын түвшинг насны бүлгээр, сүүлийн 10 жилийн дунджаар үзвэл бүх насанд тохиолдож байгаа хэдий ч 20-44 насанд нийт тохиолдлын 24.3 хувь, 45-аас дээш насанд 71.3 хувийг эзэлж байна.

Энэхүү үзүүлэлтийг насны бүлэг, хүйсээр авч үзвэл, 15-54 насанд эмэгтэйчүүд эрчүүдээс 17-338-аар их, 55-65-аас дээш насанд эрчүүд эмэгтэйчүүдээс 7-185-аар их байна.

Монгол Улсад нийт хорт хавдрын шинэ өвчлөлийн түвшин 2001-2014 оны дунджаар 15.7 байсан бол сүүлийн 2015-2019 оны дунджаар 18.8 болж, 3.1-ээр өссөн бол 2041-2045 оны дунджаар 29.2 болж, 10.5-аар өсөхөөр байна.

Улсын хэмжээнд 2019 онд хорт хавдрын шинэ тохиолдол 6045 бүртгэгдсэн нь сүүлийн 10 жилийн дунджаас 734-өөр, өмнөх оныхоос 232-оор тус тус нэмэгджээ. Хорт хавдраар шинээр өвчлөгчдийн 51.7 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

2010-2019 онд нийт 54 607 хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсоны 20 200 хүн буюу 37 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна. Элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшин 2001-2014 оны дунджаар 5.9 байсан бол сүүлийн 5 жилийн дунджаар 7.2 болж, 1.3-аар өсч, 2041-2045 оны дунджаар 10.9 болж өсөх таамаглал гарчээ. Элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшин 2019 онд 6.8 болж, сүүлийн 10 жилийн дундаж, өмнөх оноос тус тус 0.1-ээр буурсан байна.

Элэгний хорт хавдрын өвчлөлийн түшин 2019 онд бүх бүсэд улсын дунджаас 0.6-6.4-өөр их болжээ. Энэхүү үзүүлэлт зүүн бүс үүний дотор Хэнтий аймагт хамгийн өндөр байгаа аж.

Сэтгэгдэл бичих