Азийн хөл бөмбөгийн холбоо /AFS/-ны 30 дахь удаагийн Их хурал болов

оруулсан Алсын Хараа

Азийн хөл бөмбөгийн холбооны 30 дахь удаагийн Их хурал Малайзын нийслэл Куала Лумпур хотоос цахим хэлбэрээр явагдахад тус тивийн 47 улсын хөл бөмбөгийн холбоодын төлөөлөгчид оролцлоо гэж Монголын хөл бөмбөгийн холбооноос мэдээллээ.

Их хурал бурхны оронд 60 насандаа морилсон домогт хөлбөмбөгчин Диего Марадонад хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн байна. АХБХ-ны Их хурлын эхэнд 2009 оны 7 дугаар сараас хойш АХБХ-нд үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа Умард Марианы Арлуудын хөл бөмбөгийн холбоог албан ёсны гишүүн холбоо болгон баталлаа.

Уг цахим хуралд ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино урилгаар оролцож, цар тахалтай хүнд цаг үед АХБХ-г сайн ажиллаж байгааг онцоллоо. Харин АХБХ-ны Ерөнхийлөгч Шэйх Салман “Энэ хүнд цаг үеийг бид өөрсдийн итгэл, хамтын ажиллагаагаар даван туулж байна. АХБХ тэмцээнүүдээ цуцалсан анхны тивийн холбоо болсон. Үүгээрээ бид хүчтэй, чадварлаг удирдлагатай гэдгээ харуулж хүмүүст амьдралд юу илүү чухал болохыг ойлгуулж байна” хэмээн ярив.

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар АХБХ-ны Дэд ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүний хувиар хуралд оролцсон бол МХБХ-г төлөөлж, Зөвлөлийн гишүүн Б,Болдбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Монголжингоо нар оролцлоо.

Сэтгэгдэл бичих