ХБНГУ-ын Элчин сайдын яамнаас 1550 иргэнд тусламж үзүүлнэ

оруулсан Алсын Хараа

“COVID-19” цар тахалтай холбоотой 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс Монгол Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосноор нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг дэмжих хэрэгцээ шаардлага тулгарч байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Пипл Ин Нийд (ПИН) Олон улсын ТББ нь 1550 иргэнд буюу нэн ялангуяа хүнд нөхцөл байдалд орсон дотуур байранд амьдарч байгаа оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусламж үзүүлэхээр боллоо.

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг “Өнөөдөр бид Олон улсын Хүний эрхийн өдрийг тэмдэглэж байна. Хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ авах, аюулгүй орчинд амьдрах нь хүн төрөлхтний үндсэн эрх бөгөөд тус эрхээ хамгаалахын тулд бид бүхэн хамтран ажиллах ёстой билээ. Энэ хүнд хэцүү цаг үед ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газар болон эмзэг бүлгийн иргэдэд тусалж байгаадаа таатай байна. Хамтын ажиллагааны арга замаар л бид энэ цар тахлын сөрөг нөлөөллийг даван туулж чадна” гэв.

“COVID-19” цар тахлын сөрөг нөлөөлөлд өртөж буй иргэдэд хүрч ажиллахыг зорьж байгаа бөгөөд 100 мянган төгрөгийн үнийн дүн бүхий и-ваучерээр хүнс болон үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг супермаркетаар дамжуулан түгээх юм. Мөн холбогдох эмийн сангаар үйлчлүүлэх и-ваучер олгоно.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Дотуур байрны оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад эмзэг бүлгүүдэд хүнс болон үндсэн хэрэгцээ хангах худалдан авах эрхийн бичиг олгож байгаад Пипл Ин Нийд, Германы ард түмэн, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ цаг мөчид өгөөмөр дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь бидэнд урам зориг, итгэл найдварыг төрүүлж байна” гэсэн юм.

Пипл Ин Нийд ОУТББ нь тус и-ваучерийг иргэдэд хүргэх болон тусламж шаардлагатай айл өрхүүдийг судлах үйл ажиллагааг ирэх долоо хоногуудад зохион байгуулна. ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь эмзэг бүлгийн иргэдийн нөхцөл байдлыг сайжруулахаар жил бүр төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудыг дэмжиж ажилладаг.

Пипл Ин Нийд ОУТББ нь БНЧУ-д бүртгэлтэй бөгөөд 2009 оны зудад нэрвэгдсэн малчдад онцгой байдлын тусламж үзүүлсэн нь Монголд хэрэгжүүлсэн анхны төсөл байв. Ингээд ПИН хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, олон нийтийг чадавхжуулж, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос эхлэн Монголд тогтмол үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Сэтгэгдэл бичих