Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Ховд аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 8-нд хийсэн шинжилгээгээр таван хүнд коронавирус илэрчээ.
Энэ тухай ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Сэлэнгэ аймагт гурван тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатар хотод буюу ХӨСҮТ-ийн хоёр ажилтан халдвартай нь батлагдсан. Ингэснээр улсын хэмжээнд голомтлон гарч буй багц тохиолдол 443 боллоо” хэмээн тодотгов.
Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорноговь, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын тохиолдол 893 болж байна. Үүнээс 384 хүн эдгэрээд буй юм.
Ажиглалтад 49, гэрийн ажиглалтад 13 хүн байгаа бол 322 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавирусний улмаас 500 хүн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсээс нэг хүний биеийн байдал маш хүнд, 6 нь хүнд, 64 нь хүндэвтэр, 429 нь хөнгөн оноштой байгаа аж.
2020.12.9-ний байдлаар дотоодод голомтлон гарч буй халдвар
-Улаанбаатарт 128
-Сэлэнгэд 207
-Дархан-Уулд 45
-Орхонд 25
-Дорноговьд 31
-Говьсүмбэрт 4
-Архангайд 3, нийт 433 тохиолдол бүртгэгдээд байна.