Т.Мөнхсайхан: Энэ сарын сүүлээр халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж болзошгүй

оруулсан Алсын Хараа

Өнөөдрийн байдлаар манай улсад "COVID-19"-ийн халдварын 893 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байгаагийн 43.1 хувь зөөвөрлөгдсөн, халдвараас 384 хүн эдгэрч, тэдгээр хүний 84 хувийн ажиглалт, тандалт бүрэн дуусаад буйг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Засгийн газрын болон УОК-ын өргөтгөсөн хуралдаанд дээр өнөөдөр мэдээллээ.

Мөн "COVID-19"-тэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулсан юм. Ингэхдээ, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 дугаар тушаалаар баталсан эрсдэлийн үнэлгээний аргачлалаар халдварын явцын үнэлгээг энэ оны 12 дугаар сарын 6-нд хийхэд коронавируст халдвар дотоодод гарах өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарсныг мэдэгдлээ.

"COVID-19"-ийн халдварын тархалтын динамик зураглалаар энэ оны 12 дугаар сарын 11-ний өдрөөр хөл хориог цуцалбал ирэх оны 1 дүгээр сард халдварын нууц үед байгаа хүний тоо, халдварын нийт тохиолдлын тоо ирэх 4-5 дугаар сард хамгийн өндөр хэмжээнд бүртгэгдэх хандлага ажиглагдаж буйг хэллээ.

Тэрээр, халдвар тархалтын динамик буюу шалтгаант загварын тооцооллоор 12 дугаар сарын сүүлээр нууц үедээ байсан хүмүүс буюу халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх хандлага байна. Үүнээс улбаалан ирэх оны 2 дугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо оргил үедээ хүрч болзошгүй дүр зураг гарч байна. Өөрөөр хэлбэл, халдвар дэгдэлтийн 2 дахь давлагаа эхлэх магадлалтай  байна гэдгийг хэллээ.

Эмчлэгдэж эдгэрсэн  нийт 384 хүний 84 хувийн ажиглалт, тандалт бүрэн дуусжээ.


Эрүүл мэндийн салбарт эмнэлгүүдэд оношлуур, ариутгалын бодис зэрэг нөөцийг бүрдүүлж ханган ажиллаж байна. Эх нярай болон эмэгтэйчүүдийн үндэсний төвд одоогоор 500 ор бэлтгэсэн бөгөөд цаашид 300 ор нэмнэ. Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 100,  Баянхошуун дахь Эрүүл мэндийн шинэ төвд 200 орыг тус тус ашиглалтад оруулсан. Шинж тэмдэггүй хүнийг ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт хэвтэх хугацааг цөөлж, 14 хоног болгож байна. Эдгээр эмчлүүлэгчдийг өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 9-нөөс эхлэн Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2 руу шилжүүлэн хянах, эрүүл мэндийг нь дэмжих үйлчилгээ үзүүлэн гэрийн хяналтад гаргахаар болсон.

Халдварын голомтод байгаа Сэлэнгэ аймагт 204 тохиолдол бүргэгдсэнээс ойрын хавьтлын 1216 хүнийг илрүүлж хяналт тандалт, шинжилгээ хийсэн.

Сэлэнгэ аймагт хөл хориог  12 дугаар сарын 11-ний өдөр цуцалбал халдвар тараагчийн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо 12-р сарын 1-ний өдөртэй харьцуулахад 2 дахин, хэрэв 18-нд цуцалбал халдвар тараагчийн тоо 8-10 дахин, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо 2 дахин буурах урьдчилан тооцоо гарсан.

Архангай аймагт халдвар зөөвөрлөгдсөн алаг цоог хэлбэрээр гарч одоогоор 4 тохиолдол бүртгэгдээд байна. Ойрын 76 болон дам хавьтлын 851 хүнийг илрүүлж тусгаарлаад байна. Мөн Батцэнгэл сумын 3146 хүнийг шинжилгээнд хамруулсан. Орхон аймагт 25 батлагдсан тохиолдол байгаагаас ойрын 431 хавьтлыг тусгаарлан хяналтад аваад байна. 11 дүгээр сарын 20-ноос хойш тогтвортой буурч байгаа.

Харин энэ сарын 1-нд бага зэрэг нэмэгдсэн ч цаашид буурах хандлагатай байна.  Дархан-Уул аймагт нийт 45 тохиолдол 809 хүнийг тусгаарлаад байна. Дорноговь аймагт 31 тохиолдол бүртгэгдсэн ба ойрын 448, дам 1309 хавьтлын хүнийг илрүүлж шинжилгээ хийгээд байна. Говьсүмбэр аймагт 4 тохиолдол бүртгэгдэж ойрын хавьтлын 146 хүнийг тусгаарлаад байна.

ДЭМБ-аас гаргасан аргачлалаар тооцоход нийслэл Улаанбаатар хотод 12 дугаар сарын эхний 7 хоногт шинээр бүртгэгдэх эрсдэл 2 дахин, Сэлэнгэ аймагт 85 тохиолдлоор, Дорноговь аймагт 2.8 дахин бага байсан нь Монгол Улсад бүх нийтийн бэлэн байдал тогтоож хариу арга хэмжээ авсны үр дүн гэж үзэж байна гэлээ.

Сэтгэгдэл бичих