УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн цахим хуралдаанаар, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулсан. Төрийн албаны тухай хуулиар, УИХ-ын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа. Гэтэл Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-аас 6 жилийн хугацаагаар томилохоор заасан байна. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар хуулийн төслийг боловсруулсныг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулгадаа онцолсон.
Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулжээ. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ 6 жилийн хугацаагаар томилохоор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилж байхаар тус тус тусгажээ.
Авлигатай тэмцэх газрын дэд даргыг тус газрын дарга томилохоор тусгасантай холбогдуулан дэд даргыг улируулан томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах, түүний бүрэн эрхийн хугацаа, Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байхаар заасан зохицуулалтыг хасахтай холбогдсон өөрчлөлтийг хуулийн төслийн 2 дугаар зүйлд тусгасан. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоох тухай” УИХ-ын 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 19 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг Х.Нямбаатар сайд дурдав.
Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Ингээд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.