Авлигатай тэмцэх газраас соён гэгээрүүлэх аяныг эхлүүллээ

оруулсан Алсын Хараа

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс энэ жил авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Stop the virus. Stop the corruption" буюу “Вирусийг даръя. Авилгыг устгая”  уриан дор тэмдэглэхээр шийдвэрлэжээ.

Дэлхийн улс орнууд нөөц боломжоо дайчлан цар тахалтай тэмцэж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллаж байгаа ч зарим улс орон шуурхай үр дүнд хүрэхийн тулд хуулийг сахин биелүүлэх, хэрэгжилтийг хянах ажлыг түр хойш тавьсан нь авлигын гэмт хэрэг гарах нөхцөлийг нэмэгдүүлээд байна.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяныг НҮБ-ын уриа бүхий кампанит ажлын зорилттой уялдуулан иргэд, олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ удаа сэтгүүлчдийн дуу хоолойг нэгтгэх, хүүхэд залуучуудын оролцоог өрнүүлэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүсэл зоригийг сонсох, цахим хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг нийгмийн салбар бүрд зориулсан ажлыг энэ оны 12 дугаар сарын турш хэрэгжүүлнэ.

“Соён гэгээрүүлэх аян нэг сарын турш үргэлжлээд зогсохгүй, цаашид тасралтгүй үргэлжилнэ. Нийгэмд шударга ёсны үзэл санаа, дадал хэвшил, зан үйл тогтох хүртэл Авлигатай тэмцэх газар соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулсаар байх болно. Авлигын эсрэг хууль тогтоомжид соён гэгээрүүлэх арга хэмжээнд иргэд, олон нийтийг татан оролцуулж, тэдэнд авлигатай тэмцэх арга барилыг олгохоор заасан. Тиймээс иргэд та бүхнийг манай соён гэгээрүүлэх аянд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриалж байна” гэж Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн хэлжээ.

Соён гэгээрүүлэх аяны хүрээнд сэтгүүлчид нийгэмд уриалга хүргэж, эдийн засагчид авлигын асуудлаар санал бодлоо солилцож, эмч нар ёс зүйн сэдвээр ярилцаж, хүүхэд залуучууд сошиал контентоор уралдахын зэрэгцээ иргэд шударга ёсны талаарх өөрийн байр суурийг speak out хэлбэрээр олон нийтэд хүргэх юм байна. Нийгмийн салбар, бүлэг бүрийг хамруулсан шударга ёсны төлөөх өргөн оролцоо бүрдүүлнэ гэж АТГ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих