Улсын хэмжээнд Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Дорноговь зэрэг 4-5 аймагт цас дарж, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа талаар ХХААХҮЯ болон Бэлчээр ашиглалтын холбооноос мэдээлж байна. Эдгээр аймагт өнгөрсөн зун, намар өвс сийрэг, тачир, бэлчээр хүрэлцэхгүй байснаас цас ихтэй байна. Ялангуяа Баянхонгор аймагт өвөлжилт хүндэрч байна.
Тус аймаг энэ оны 10 дугаар сард хийсэн эрсдэлийн үнэлгээр хамгийн их эрсдэлтэйд, бусад 10 аймаг эрсдэлтэй бүлэгт гарсан юм. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт өнгөрсөн сард ажиллаж байдалтай нь газар дээр нь танилцахаас гадна Засгийн газрын ХЭГ болон УОК-оос тус аймгийн бүх сумын удирдлагатай онлайн хурал хийж, тусгайлан анхаарах зүйлийн талаар ярилцаад байна.
Энэ жил улсын хэмжээнд 26 мянган малчин айл өрхийн 11.7 сая толгой мал отроор өвөлжинө.
Мөн үүний өмнө Засгийн газрын ХЭГ-ын дарга, ХХААХҮ-ийн сайд нар 21 аймгийн удирдлагатай өвөлжилтийн талаар уулзаж тодорхой саналуудыг сонсож, хүсэлтүүдийг авсан юм. Энэ дагуу Засгийн газраас 2.1 тэрбум төгрөгийг эрсдэл үүсэж болзошгүй 10 аймагт өвс тэжээлийн нөөц бүрдүүлж бэлтгэх үүднээс олгоод байна. Мөн өнжмөл өвс, тэжээлийг тухайн бүс нутагт байгаа Улсын нөөцөөс гаргаж малчдад хүргэх ажлыг зохион байгуулах талаар Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар мэдэгдээд байна.
Мөн тэрээр ирэх оны улсын төсөвт ган, зуд болзошгүйтой холбоотойгоор хөрөнгө тусгасныг мэдээлж, энэ хөрөнгийн эрх үүсэж байгаа учир өвөлжилт их хүндрэх аймгуудыг туслаж дэмжихээ хэлсэн юм.
Энэ өвөл улсын хэмжээнд 26 мянган малчин айл өрхийн 11.7 сая толгой мал отроор өвөлжинө.