Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнөөдөр Их Британийн Элчин сайд Филип Малоун, ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов, БНХАУ-ын Элчин сайд Цай Вэнь Руй, АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газраас "Ковид19"-ын цар тахлын тархалтыг хумих, эдийн засгийн хямралыг даван туулах, вакцины чанар болон эрсдэлийн талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцлоо.
Их Британи Улс нь хөгжиж буй 92 оронд вакцин авах боломжийг ижил тэгш хүртээх зорилготой Ковакс ЭйЭмСи (Covax AMC) хөтөлбөрийг 550 сая фунт стерлингээр, мөн эмчилгээ, оношлуур, вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой Ковакс ЭйСиТи (Covax ACT Accelerator) механизмыг 800 сая фунт стерлингээр санхүүжүүлсэн хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг. Мөн вакцин дундаас хамгийн хадгалалт, тээвэрлэлт даах чадвартай АстраЗенека вакциныг гаргаж аваад байгаа улс юм.
ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой уулзаж "Спутник-V" вакцины үнэ өртөг, ханган нийлүүлэлт болон вакцинжуулалтынх нь явцын талаар ярилцлаа.
Тэрээр энэ тухайгаа: "Монгол Улсад "Спутник-V" вакциныг өртгөөс нь бага үнээр нийлүүлэх, хамгийн ойр байрлах хоёр эх сурвалжаас хангах боломжтойг хэлж байна.
Бүх нийтийн вакцинжуулалт Москва хотод өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн, ДЭМБ-т бүртгүүлэх явц зохих шатанд хэрэгжиж яваа талаар Элчин сайд мэдээллээ" гэв.
Хятадын Элчин сайд Цай Вэнь Руйтай уулзаж Хятад улсад үйлдвэрлэж буй вакцин, түүний туршилт, бүртгэл, үйлдвэрлэлийн явц, манай улсад ханган нийлүүлэх боломжийн талаар ярилцлаа. Түүнчлэн Ковид-19 цар тахлын энэ амаргүй үед нүүрс тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, жолооч, хил гаалийн ажилчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тээвэрлэлттэй холбоотой аливаа асуудлыг хурдан шуурхай шийдэж хоёр улсын худалдаа эдийн засгийн тогтвортой байдлыг анхаарч ажиллах шаардлагатайг онцолж хүссэн байна.
Мөн АНУ-ын Элчин сайд Майкл С.Клеческитэй уулзалт хийжээ. АНУ "Ковид-19" цар тахалтай тэмцэхэд зориулж манай улсад энэ долоо хоногт амьсгалын 50 ш аппарат, хамгаалалтын хувцас хэрэгсэл, түргэвчилсэн оношлуур зэргийг бэлэглэж байгаад юун түрүүнд талархал илэрхийлжээ. Мөн АНУ-д үйлдвэрлэж байгаа "Модерна" вакциныг худалдан авах, хурдан шуурхай тээвэрлэх боломжийн талаар ярилцаж санал солилцжээ.