/МОНЦАМЭ/. “COVID-19” халдварын үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд эрчимт эмчилгээний тасгуудын хүчин чадлыг шат дараатай сайжруулж байна.
Энэ удаа төрөлжсөн төв эмнэлгүүд болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд БНГУ-ын Драгер брэндийн 175 амьсгалын аппаратыг нэмэлтээр хуваариллаа.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ, “Цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийг амьсгалын аппаратаар хангаж байгаа. Энэ хүрээнд Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн банкнаас 400, ДЭМБ-аас 125, АНУ-ын Элчин сайдын яамнаас амьсгалын 50 аппарат авч байгаа. Энэ удаа 175 амьсгалын аппаратыг төрөлжсөн төв эмнэлгүүд болон дүүргүүдэд хүлээлгэн өглөө. Мөн Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн амьсгалын аппаратын тоог нэмээд байна. Удахгүй аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд амьсгалын аппаратыг нэмж хуваарилан өгнө. Аймгуудыг хүчилтөрөгчийн үйлдвэртэй болгохоор ажиллаж байна” хэмээн онцоллоо.
Улсын Гуравдугаар эмнэлгийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир, “Цар тахлын үед орны нөөц, эрчимт эмчилгээний бэлэн байдлаа хангаж байна. Манай УГТЭ цар тахлын үед эрчимт эмчилгээний 50 ор дэлгэн, тусгаарлан эмчлэх 200 ор дэлгэх ёстой байгаа. Эрчимт эмчилгээний бэлтгэл хангасан, тусгаарлан эмчлэх 200 орныхоо 20-30 хувьд нь амьсгалын аппаратыг бэлдэнэ” гэлээ.
Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, “ХСҮТ-д хавдрын өвчлөлтэй хүмүүс үйлчлүүлдэг учраас эрсдэл хамгийн өндөр байдаг. Манай эмнэлэг 300-аад ортой мөртлөө 5 амьсгалын аппараттай байсан бол өнөөдөр шинээр 25 амьсгалын аппаратыг хүлээн авч байна. Ингэснээрээ бид “COVID-193-ийн үед хавдартай өвчтөнүүддээ зориулан болзошгүй эрсдэл тулгарахад яаралтай болон эрчимт эмчилгээний тасгуудаа бүрэн амьсгалын аппаратаар хангаж, нэмж 16 орыг дэлгэхэд бэлэн болсон” гэлээ.