Э.Золбаатар: Хулгайн замаар ирсэн иргэдэд Зөрчлийн тухай хуулиар хэрэг нээсэн

оруулсан Алсын Хараа

 Архангай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Золбаатараас хэв журмын нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Аймгийн хэмжээнд хэчнээн постод хэдэн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна вэ?

-Нийт 27 постод 22 хөдөлгөөнт эргүүл, тусгаарлалтын байранд 11, нийт 84 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Хатуу хөл хорио тогтоосон Батцэнгэл, Ихтамир суманд хүн хүч нэмэгдүүлэн тусгаарлах байруудыг хамгаалж байна. Мөн иргэдийн хөдөлгөөнийг хорьж, хөдөлгөөнт эргүүл байрлаж үүрэг гүйцэтгэж байгаа.

-Алба хаагчдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ?

-Пост дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг дархлаа дэмжих бүтээгдэхүүн, хамгаалах хувцсаар хангаж байна.

-Олон нийтийн цагдаа нар ажиллаж байгаа юу?

-Аймгийн хэмжээнд олон нийтийн дөрвөн цагдаа үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр цагдаа нарын хоёр нь аймагт, хоёр нь суманд үүрэг гүйцэтгэж байгаа.

-Хулгайн замаар зорчиж ирсэн иргэдэд ямар шийтгэл ногдуулах вэ?

-Хөл хорионы дэглэм зөрчсөн, зохих зөвшөөрөлгүй орж ирсэн иргэдийг шалгаж байгаа, 16 зөрчил байна. Эдгээрт Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн хэрэг нээгээд шүүхээс хариуцлага оногдуулна. Одоогийн байдлаар нэг иргэнд шүүхээс долоо хоног баривчлах шийтгэл оногдуулсан. Мөн нэг иргэнийг 500,0 мянган төгрөгөөр торгосон. Бусад нь хөл хорионд байгаа болохоор тусгаарлалтын хугацаа дуусахаар хариуцлага тооцохоор шалтгалтын ажиллагаа явуулж байна.

Зөрчил гаргасан иргэдийг торгох уу, баривчлах уу гэдгийг шүүх шийдвэрлэнэ. Хулгайн замаар ирсэн иргэдэд Зөрчлийн тухай хуулиар хэрэг нээсэн шалгаж байгаа.

-Архи, согтууруулах ундаа худалдсан зөрчилтэй дэлгүүр илэрсэн үү? Ямар арга хэмжээ авсан бэ?

-Архи, согтууруулах ундааг худалдан борлуулсан нэг ААН бүртгэгдсэн. Одоогоор шалгагдаж байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хэр байна?

-Хөл хорио тогтоосноос хойш гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл 10 бүртгэгдсэн.

-Иргэдэд юуг сэрэмжлүүлж анхааруулах вэ?

-Иргэдэд анхааруулахад, хулгайн замаар нийслэл, орон нутаг руу зорчихгүй байх нь та бүхнийг эрсдэлээс сэргийлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих