БНХАУ Саран дээр төрийн далбаагаа мандуулсан хоёр дахь орон боллоо

оруулсан Алсын Хараа

 БНХАУ Саран дээр төрийн далбаагаа мандуулсан хоёр дахь орон болж, АНУ-аас 50 гаруй жилийн дараа ийнхүү түүхэнд бичигдлээ.

БНХАУ-ын Үндэсний сансар судлалын удирдах газар таван од бүхий улаан далбаагаа Сарны гадаргуу дээр суурилуулсныг харуулсан гэрэл зургуудыг нийтэлжээ.

“Чанъэ-5” аппарат энэ долоо хоногийн пүрэв гарагт Сарнаас чулуулгын сорьцыг тээн хөөрөхийнхөө өмнө тэдгээр гэрэл зургийг авсан байна.

Хятадын сар судлалын өмнөх аппаратууд төхөөрөмжийнхөө дээр далбаагаа байрлуулж байсан тул ийнхүү анх удаа Сарны гадаргуу дээр мандуулж буй нь энэ юм.

АНУ 1969 онд “Аполло 11” даалгаврын үеэр Саран дээр анх далбаагаа мандуулж байсан түүхтэй. Түүнээс хойш Америкийн таван далбааг Саран дээр байрлуулсан байна.

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс 2012 онд мэдээлснээр, далбаануудын тав нь тогтсон хэвээр байжээ. Гэвч Нарны тусгалын улмаас цагаан өнгөтэй болсон байж магадгүй гэж мэргэжилтнүүд хэлжээ.

БНХАУ-ын төрийн далбаа нь хоёр метр өргөн, 90 сантиметр урт, нэг орчим килограмм жинтэй ажээ. Мөн далбааны бүх хэсэг хүйтэн температур гэх мэтийн хамгаалалттай гэж төслийн удирдагч Ли Юньфэн мэдээлжээ.

 /BBC/.

Сэтгэгдэл бичих