Орост нэг өдөрт хамгийн олон хүн халдвар авч, Москвад вакцинжуулалт эхэллээ

оруулсан Алсын Хараа

Өчигдөр буюу Бямба гарагт ОХУ-д коронавирусийн халдварын 28,782 тохиолдол шинээр нэмэгдсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойш нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Бямба гарагийн байдлаар тус улсын нийт батлагдсан халдварын тохиолдол 2,431,731 болсон байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 508 хүн Covid-19 өвчний улмаас нас барж, нийт эндэгдлийн тоо нь 42,684 болжээ.

ОХУ-ын нийслэл Москва хот даяар байгуулагдсан вакцинжуулах төвүүдэд Спутник V вакциныг хүргэх ажил өчигдөр эхэлсэн байна. Оросын эрдэмтдийн бүтээсэн Спутник V вакцины сүүлчийн гуравдугаар шатны туршилт хараахан дуусаагүй байгаа юм.

“Хүн амыг вакцинжуулах ажил өнөөдөр Москва хотын 70 цэгт эхэлж байна. Бид долоо хоногийн бүх өдрүүдэд өглөөний наймаас оройн найман цаг хүртэл ажиллана” хэмээн Москва хотын 68 дугаар эмнэлгийн ерөнхий эмч Наталья Николаевна Кузенкова хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл бичих