ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй иргэдийг коронавирусний шинжилгээнд хамруулна

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар ЭХЭМҮТ-ийн шинээр ашиглалтад орж буй ариутгалын тасгийн үйл явцтай өнөөдөр танилцлаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ, “Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа эдгээр өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдийн үйл ажиллагаа хэвийн байх нь хамгийн чухал. Тохиолдлоор халдвартай иргэн эмнэлгээр үйлчлүүлэхэд хэрхэн тусгаарлах, бусад тасгийн үйл ажиллагааг хэрхэн доголдуулахгүй иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, халдвар хамгааллыг хэрхэн хангах талаар эмнэлгүүдэд шалгалт хийж байна. ЭХЭМҮТ-ийн хувьд өндөржүүлсэн бэлэн байдлыг маш сайн хангаж ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд хэрэглэх нэг удаагийн хувцас, хэрэглэлийн нөөцийг бүрдүүлж, шинжилгээ авах, тусгаарлах өрөөний зохион байгуулалтыг зөв хуваарилсан. ЭМЯ-ны санхүүжилтээр хүчин чадлыг нь нэмж, тохижуулсан 80 ортой  “Амьсгалын эрхтэний эмгэг судлалын тасаг” ашиглалтад орсон бөгөөд болзошгүй нөхцөл байдалд тус тасгийг ашиглахаар төлөвлөгөөнд тусгасан. Өнөөдөр эрүүл мэндийн салбар зөвхөн “COVID-19” гэлтгүй эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээгээ үзүүлж байна. Энэ долоо хоногийн ажлын таван өдөрт гэхэд нийт төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 13 225 иргэн үйлчлүүлж, шаардлагатай тусламжаа авчээ. Мөн энэ хугацаанд 800 орчим мэс засал хийсэн байна. Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5”  хөтөлбөрийн хүрээнд энэ удаа ЭХЭМҮТ-д ариутгалын тасгийн барилгын их ажил, иж бүрэн тоног, төхөөрөмжийг шинэчлэх ажил дуусч, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болоод байна. Түүнчлэн эмнэлгүүдээр үйлчлүүлж буй коронавирусний сэжигтэй тохиолдол болон хэвтэн эмчлүүлж буй иргэдээ түргэн оношлуураар шинжилгээнд хамруулна. Эрүүл мэндийн байгууллагууд халдварын үед зөв зохион байгуулалттай ажиллаж чадвал бид халдварыг түргэн хугацаанд хумих боломжтой гэж үзэж байгаа” гэлээ.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, “Дэлхий дахинаа тархаад буй коронавирусний дотоодын халдвар Монгол Улсад бүртгэгдээд сар орчим болж байна. ЭХЭМҮТ хүүхдийн 25 чиглэлээр, эх барихын есөн чиглэлээр тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг. Зүрх судас, бөөр, дотоод шүүрэл, мэс засал, нүд, чих хамар хоолойн өвчлөлийн үед хүүхдүүд манай эмнэлэгт л ханддаг. Тэгэхээр бид үндсэн тусламж үйлчилгээгээ энэ үед тасралтгүй явуулах ёстой. Монгол Улсын хувьд томуу, томуу төст өвчний улирал эхлэх үетэй таарч энэ халдвар дотооддоо тархсан нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Өвчний эхний шинж тэмдэг аль алинд нь амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдгээр илэрдэг, “COVID-19”-ийн онцгой шинж тэмдэг байхгүй учраас иргэд төөрөгдөх явдал байна. Зарим тохиолдолд ханиад, томуу гэсэн оношоор эмчлүүлэх, эмчлүүлэх явцдаа коронавирусний онош нь тодрох эрсдэл өндөр байна. Бидний хувьд эмнэлэгт хандсан сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, түргэвчилсэн оношилгоог хийж байгаа бол хэвтэн эмчлүүлэх иргэдээ бүгдийг нь шинжилгээнд хамруулахаар боллоо. Мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдэхэд эмнэлгийн бусад тасгийн үйл ажиллагааг алдагдуулалгүй хэрхэн зохион байгуулах талаар зөвлөгөө авлаа. ЭМЯ, ДЭМБ-ын гаргасан зөвлөмжийн дагуу ирүүлсэн саналыг ажил үүрэгтээ тусгаж байна” гэв.

Эрүүл мэндийн сайд болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар Хүүхдийн яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээ, амьсгалын замын тасгаар орж нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээ цаг алдалгүй авахаар болсон юм.

 

Сэтгэгдэл бичих