Английн хөлбөмбөгийн АШТ–Примьер лигийн тоглолтуудын үеэр, коронавирусийн цар тахлын дэгдэлтээс сэргийлж цэнгэлдэхэд нэг ч үзэгч оруулахгүй байх шийдвэр энэ оны гуравдугаар сард гарсан. Харин Их Британийн Засгийн газар XII.02-ноос эхлэн Примьер лигт өрсөлддөг Лондон хотын зургаа (Челси, Тоттенхэм, Арсенал, Вест хэм, Кристал палас, Фулхэм), Ливерпүүл хотын хоёр (Ливерпүүл, Эвертон), нийт найман багт тоглолтын үеэр цэнгэлдэхдээ 2000 үзэгчтэй байж болно гэсэн зөвшөөрөл өгчээ. Лондон, Ливерпүүл хот нь Коронавирусийн тархварын эрсдэлийн II бүсчлэлд багтаж буй учраас “спортын уралдаан тэмцээнд 2000 хүртэлх тооны үзэгч нэвтрүүлэх” журамд хамрагдаж байгаа бол Премьер лигийн хөлбөмбөгийн бусад Манчестэр Юнайтед, Манчестэр Сити, Лестер гэх мэт 12 клубын төрөлх хот нь эрсдэл маш өндөр III бүсчлэлд багтсан учраас цаашид урьдын адил өөрийн талбайдаа нэг ч үзэгчгүй цэнгэлдэхэд тоглох ажээ.
Үзэгчтэй, Премьер лигийн тоглолтын салхийг өнөө орой (XII.05) “Вест Хэм” баг 2000 үзэгчтэйгээр “Лондон Олимп” цэнгэлдэхийн талбайдаа “Манчестэр Юнайтед” багийг хүлээн авснаар хагална. Үүний дараах үзэгчтэй тоглолт Лондон хотноо “Челси”-“Лидс” багийн хооронд “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд болно. Мөн маргааш ням гарагт XII.6-ны орой Лондонд “Тоттенхэм”-“Арсенал”, Ливерпүүл хотноо “Энфилд” цэнгэлдэхэд “Ливерпүүл”-“Вулверхэмптон” багийн, нийт хоёр тоглолт 2000 үзэгчтэйгээр явагдах боллоо. Ийнхүү Английн хөгжөөн дэмжигчид Премьер лигийн Лондон, Ливерпүүл хотын багуудын цэнгэлдэхэд бүтэн найман сарын дараа эргэн ирлээ.