Цар тахлын хөл хорионы улмаас бизнесийн идэвхжил саарч буй энэ үед манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ эрчимтэй өсөж, цаашдаа өсөлт хадгалагдах төлөв харагдаж байгаа нь эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулна гэсэн итгэлийг төрүүллээ. Дэлхийн зах зээл дэх зэсийн ханшийн хэлбэлзэл, эрэлт нийлүүлэлтийн нөхцөл байдал нь Монгол Улсын эдийн засагт шууд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг юм.
Хамгийн сүүлийн үеийн таатай мэдээг дуулгахад, 12 дугаар сарын 2-ны өдөр Лондонгийн металлын биржид болсон фьючерс арилжаагаар нэг тонн зэсийн үнэ 7711 долларт хүрсэн байна. Коронавирусний ид тархалтын үед буюу 3 дугаар сард 4600 доллар болтлоо унаж байсантай харьцуулахад үнэ даруй 60 хувиар өслөө гэсэн үг. Ерөнхийдөө үнэ 7000-аас давсан нь 2018 оны 6 дугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Энэ нь юуны түрүүнд, эмнэлзүйн 3 дахь шатны туршилтаар Ковид-19-ийн эсрэг вакцин нь 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлсэн тухай Америкийн Moderna, Pfizer, BioNTech, Английн AstraZeneca компаниуд болон Оросын Н.Ф.Гамалеягийн нэрэмжит хүрээлэн бараг нэгэн зэрэг зарлан мэдэгдсэнтэй холбоотой. Үүнээс үүдэн, сар гаруйхны дараачаас бүх нийтийг вакцинжуулалтанд хамруулах гэж байгаа тухай мэдээлэл хэвлэлүүдэд гарсан нь дэлхийн эдийн засаг эргээд сэргэх нь гэсэн найдварыг зэсийн зах зээлд оролцогчдод төрүүлснээр өнгөрсөн долоо хоногийн турш үнэ тасралтгүй өслөө.
Оны эхэнд зах зээлийн 29 топ шинжээч таамаглал дэвшүүлэхдээ, 2020 онд 191 мянган тонн зэсийн хомсдол үүссэнээр жилийн дундаж үнэ 6050$/тоннд хүрч өсөх бөгөөд “ерөөсөө 2020 он бол зэсийн жил байх болно” гэж тодорхойлж байсан боловч цар тахал дэгдсэнээр уг таамаг хэсэг хугацаанд будилсан билээ.
Хятадын үйлдвэрүүд сэргэсэн нь
Вакцинаас гадна үнэ огцом өссөн шалтгаан бол, дэлхий даяар олборлож буй зэсийн тал хувийг хэрэглэдэг Хятад улсын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээснээр зэсийн импорт нь огцом өссөн явдал юм. Зэсийн наймаачид ирээдүйд эрэлт ямар байх вэ гэдгийг тодорхойлохын тулд Хятадын үйлдвэрлэлийн гол индекс болох Caixin-г маш анхааралтай ажигладаг. Уг индекс 7 дахь сардаа дараалан өсөж байгаа бөгөөд тухайлбал, 10 дугаар сард 53,6 байсан бол 11 дүгээр сард 54,9 болж өссөн нь зэсийн үнэд эергээр нөлөөллөө. Цар тахлын улмаас оны эхээр Хятадын үйлдвэрүүд үндсэндээ зогсчихоод байсан бол сүүлийн саруудад ихэнх шинжээчдийн таамаглаж байснаас хамаагүй богино хугацаанд үйл ажиллагаагаа сэргээж чаджээ.
Хятадын зэсийн импорт ба зэсийн үнийн хэлбэлзэл. 2015-2020 он
Үүний сацуу Хятадын удирдагч Ши Жиньпин мэдэгдэхдээ “манай улс 2060 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй орон болно”гэсэн нь цаашдаа тус улс сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд, түүний дотор салхин цахилгаан барихад үлэмж хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж буйг харуулж байна. Үүнтэй холбогдуулан ганцхан тоо дурдахад, 1 мегаваттын хүчин чадалтай нэг салхин сэнс үйлдвэрлэхэд 9 тонн зэс ордог байна.
Сүүлийн жилүүдэд экологийн шаардлагууд улам чангарч байгаа учраас улс орнууд бензин, дизелийн түлшээр ажилладаг автомашинаас татгалзах үйл явц эрчимжиж, цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдэх учраас зэсийн эрэлт ирэх жилүүдэд гарцаагүй өснө. Жишээ татахад, нэг цахилгаан автобус үйлдвэрлэхэд 300 кг зэс ордог бол цахилгаан автомашин үйлдвэрлэхэд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинтай харьцуулахад 3 дахин их зэс шаардагддаг ажээ. Citicorp компанийн шинжээч Макс Лейтон-ы тооцоолсноор, автомашины үйлдвэрлэл ба эрчим хүчний салбар дахь зэсийн хэрэглээ ирэх 5 жилийн хугацаанд 2,3 сая тонноор өсөх төлөвтэй байна.
Түүнээс гадна, энэ оны эхний улиралд Хятад улс цахилгаан шугам сүлжээгээ шинэчлэхэд их хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас уг төлөвлөгөө тодорхой хугацаанд тасалдаад одоо эрчимтэй хэрэгжиж байгаа нь зэсийн үнийг огцом өсгөлөө.
Мөнгөний зөөлөн бодлого ба Жо Байдений ялалт
Зэсийн үнэ чангарахад хүргэсэн бусад зарим шалтгаан нь АНУ-тай холбоотой. Тус улсын Төв банк буюу Холбооны нөөцийн сан мөнгөний зөөлөн бодлого явуулах болсноор долларын ханш суларч, доллартой харьцах юанийн ханш чангарсаар 2018 оны зунаас хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа нь Хятадын зэс худалдан авагчдад таатай боломжийг олгож байна.
Нөгөөтэйгүүр, Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Жо Байден сонгуулийн сурталчилгааныхаа үеэр “сэргээгдэх эрчим хүчний салбар болон дэд бүтэц тухайлбал, цахилгаан автомашиныг цэнэглэх станцуудын сүлжээг өргөжүүлэхэд 2 их наяд доллар зарцуулна” гэж амласан байна. Хэрвээ шинэ ерөнхийлөгч амлалтаа биелүүлэх ажилд шамдан орох аваас зэсийн үнэ өсөхөд нөлөөлөх нь гарцаагүй.
Чили дэх нөхцөл байдал
Үнэ өсөхөд нөлөөлсөн өөр нэгэн томоохон хүчин зүйл бол, Чили, Перу зэрэг улсад цар тахлын үеийн хөл хорионы улмаас нийлүүлэлт тасалдсан явдал юм. Тухайлбал, Чилийн Антофагаста гэдэг зэсийн уурхайн олборлолт одоо л аажмаар хэвийн гольдрилдоо орж, уурхайчдын 2/3 нь ажилдаа эргэж ороод байгаа бол ажил хаялтын улмаас Lundin Mining компанийн уурхайнуудын олборлолт бүрэн зогссон гэх мэт.
Дэлхий дээрх хамгийн том зэсийн ил уурхай - Чукикамата, Чили улс
Үүнтэй зэрэгцээд дэлхий даяар жилд хэрэглэж буй зэсийн 30 орчим хувийг дангаараа олборлодог Чили улсад улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байна. Дарангуйлагч Пиночетийн үеийн Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа, уурхайчдын ажил хаялт сүүлийн 18 сарын турш үргэлжилж байгаа нь уул уурхайн салбарын үйл ажиллагаанд нөлөөлжээ. Ташрамд сонирхуулахад, дэлхийн зэсийн хамгийн том ордууд 5 бүс нутагт төвлөрдөг байна. Эдгээр нь, дэлхийн зэсийн нөөцийн 1/3-ийг агуулдаг Чили ба Перугийн ордууд; АНУ-ын Мичиган муж улс; Канадын Онтарио, Манитоба, Квебек мужууд; Орос, Узбекистан, Армени, Казахстан; Замби ба БНАКонго улс дахь ордууд юм.
Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл
Дээр дурдсан тоо баримт, шалтгаан хүчин зүйлүүдийг харгалзан үзвээс, ойрын жилүүдэд зэсийн үнэ өндөр хэвээр байх нь. Fitch агентлагийн төсөөлж буйгаар, ирэх онд зэсийн дундаж ханш 6300 доллар байх ажээ. Энэ бол нэлээд "гутранги" таамаглал юм. Харин Goldman Sachs групп нэлээд өөдрөг таамаглал дэвшүүлж, ирэх оны зун гэхэд зэсийн үнэ 7500 доллар орчимд хадгалагдсан хэвээр байх ажээ. Түүнчлэн дүн шинжилгээний Capital Economics компанийн төсөөлж буйгаар, 2021 онд үнэ 7500 долларт хүрч, улмаар Оюутолгойн гүний уурхай ашиглалтанд орох үед буюу 2025 онд 10 мянган долларт хүрнэ гэсэн “хэт өөдрөг” таамаглалыг дэвшүүлжээ.
Харин Монгол Улсын 2021 оны төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 6500 ам.доллар/тонн байхаар тусгасан байна. Ханшийн уг төлвөөр бол Тогтворжуулалтын санд зэсийн орлогоос 100.8 тэрбум төгрөг орох ба нийтдээ зэсийн баяжмалын орлогоос 1.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ. Ингэхдээ Оюутолгойн баяжмал дахь алтны агуулга ирэх онд үлэмж хэмжээгээр өсч, улмаар зэсийн баяжмалын борлуулалтын орлогод эерэгээр нөлөөлнө гэдгийг тооцжээ. Тэгвэл ирэх онд дэлхийн зах зээл дэх зэсийн ханш тооцоолсноос өндөр байж, ашигт малтмалын салбараас орж ирэх орлогын хэмжээ төлөвлөснөөс давах дүр зураг харагдаж байгаа нь манай улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгахад нөлөөлөх хүчин зүйл мөн. Ирэх онд зэсийн ханш 7500 доллар дээр тогтлоо гэж өөдрөгөөр төсөөлөөд баримжаа тооцоо хийж үзвэл, улсын төсөвт зэсээс орох орлогын хэмжээ даруй 15 хувиар өсөж, 1 их наяд 700 тэрбум төгрөгт хүрэхээр байна.
Ер нь цаашдаа цар тахал намжсанаар 2023 оныг дуусталх хугацаанд манай улсын эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьтай байна гэсэн таамаглал бий. Үүнд аж үйлдвэрийн гол металл болох зэсийн ханшийн өсөлт таатай нөлөөлөл үзүүлэхээр байна.
Б.Адъяахүү