Зам тээврийн ослоор таван хүн амиа алдаж, есөн хүн гэмтжээ. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр өнгөрсөн өдрүүдэд /2020.11.30-2020.12.04/орон нутагт дөрвөн нас барсны хоёр нь хүүхэд аж. Мөн нийслэлд авто ослоор нэг хүний амь нас хохирчээ. Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал,
- Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, 17, 19 настай хоёр хүүхэд амь насаа алджээ
- Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвд шороон замд Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч нь амиа алджээ
- Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн хашаанд Daewoo bus загварын автобусанд засвар үйлчилгээ хийж байсан гэх 25 настай, эрэгтэй автобусанд дайруулж амь насаа алджээ
- Өчигдөр /2020.12.03/ Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, шороон замд Toyota Prius загварын автомашины жолооч зорчигч, 4 настай хүүхдийг мөргөсний улмаас амь нас нь хохирсон харамсалтай ослууд гарчээ.
Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 473 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолооч, орон нутагт 15 жолоочийг тус тус илрүүлжээ. Мөн эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.