Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр /2020.12.03/ 11.00 цагт Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох шүүх хурал эхэлсэн. Шүүгдэгч нар шүүх хуралд цахимаар оролцсон юм. Гэхдээ С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох хэргийг нэгтгэн хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч буцаан тусгаарласан юм. Тодруулбал, С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг буцаан тусгаарлаж, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарын хэргийг тусад нь хэлэлцсэн.
Ингээд бүхэл өдөржин үргэлжилсэн шүүх хурал 22.00 цагт завсарласан бөгөөд шүүхийн шийдвэрийг өнөөдөр /2020.12.04/ албан ёсоор танилцуулахаар болсон юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.12.04/ 12.40 цагт С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал эхэллээ. С.Баяр Цагдан хорих 409, Ч.Давааням Цагдан хорих 461 дүгээр ангиас шүүх хуралд цахимаар оролцож байна. Дашрамд дурдахад, арванхоёрдугаар сарын 1-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “Анхан шатны шүүх С.Баяр, Ч.Даваанямд холбогдох хавтаст хэргийн материалыг дутуу ирүүлсэн” гэх шалтгаанаар С.Баярцогт нарын хэрэгтэй нэгтгэн шүүхээр шийдвэрлэсэн. Гэтэл өчигдөр болсон шүүх хуралдаанаар хэргийг эргэн тусгаарласан юм.
Ингээд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан С.Баярт оноосон таван жилийн хорих ялыг өөрчлөн 2 жил зургаан сар болгон бууруулжээ. Харин Ч.Даваанямд оноосон хоёр жил хорих ялыг нэг жил болгон тус, тус бууруулсан байна.