Ч.Хүрэлбаатар: Энэ жилийн төсвөөр 31 тэрбум, ирэх жил 24 тэрбум төгрөгийг вакцинд зарцуулна

оруулсан Алсын Хараа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.04/ хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж асуулт асуух үедээ "Он гарахад дэлхийн бүх улс орон коронавирусийн эсрэг вакцинаа хийлгэчихсэн, Монгол ганцаараа үлдчихсэн байх вий. Монгол иргэдийг авах орон олдохгүй. Томуугийн вакцинд 30 тэрбум төгрөг тавьчихаад өөрөөр яриад байх юм. Айдас дунд иргэд хашигдчихсан энэ үед дархлаажуулалтын ажлыг хурдан хийх ёстой байхад хэдэн хөрөнгө оруулалтаа хамгаалаад сууж байгаад харамсаж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Энэ жилийн төсөвт 31 тэрбум төгрөг, ирэх жил 24 тэрбум төгрөг вакцинд тусгасан байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн Эрсдэлийн сан гэж байгаа. Вакцины хувьд ийм хоёр эх үүсвэр бий. Дээрээс нь Дэлхийн банканд хандаж байна. Вакцины хүрээнд тусалж байсан газруудаа харлуулмааргүй байна.

Коронавирусийн эсрэг вакциныг баян орнууд түрүүлээд захиалга өгөөд авчих боломжтой. Тэгэхээр энэ захиалгаас хоцрохгүй байхын тулд Дэлхийн банканд хандсан.

Дэлхийн банк санаачлагчийн нэг учраас тус банкнаас мөнгө авбал худалдан авалт дотор Монгол ороод вакцин авчих боломж бүрдэж байгаа юм. Хоёр, гурван сарын өмнө бусдаас урьтаж, богино хугацаанд коронавирусийн эсрэг вакцин авах гээд бүх бололцоогоо дайчилж байна.

Ажлын хэсэг гурван чиглэлээр ажиллаж байгаа. ДЭМБ, вакцин үйлдвэрлэгчидтэй ажиллаж байна. Заримтай нь нууцын гэрээгээр ажиллаж байгаа учраас бүгдийг хэлэх боломжгүй.

Хангалттай улстөржлөө. Өөрсдөө хоорондоо зөрчилтэй байж, ард түмнийг дэмжээч гэж хэлэх нь утгагүй. Нэг санаа бодолтой байцгаая" гэлээ.

Сэтгэгдэл бичих