УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" тогтоолын төслийг батлав.
Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тул гишүүдийн саналаар тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж, Байнгын хорооны хуралдаанаар хоригийг хэлэлцэх үед тогтоолын төслийг дахин нягталж ярилцахаар шийдвэрлэсэн юм.
Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон талаарх Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Н.Алтанхуяг, С.Бямбацогт нар асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөнтэй холбогдуулан боловсруулсан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Ингээд тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, тогтоолын төсөл батлагдав.