УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталлаа. Коронавируст цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг тус тус импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг хийхээр төсөлд тусгажээ.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахыг дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт, асууж тодруулах гишүүн байгаагүй тул санал хураав. Хуралдаанд оролцсон 53 гишүүний 45 нь буюу 84.9 хувь нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ.
Мөн УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталлаа. COVID-19 цар тахлын байдлыг урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад) нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахыг дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа асуулт асууж, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан үг хэлсэн. Ингээд санал хураахад, хуралдаанд оролцсон 58 гишүүний 50 нь буюу 86.2 хувь нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ.