“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, улс даяар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод хөл хорионд саатаад байсан иргэдийг өнөөдрөөс Хүннү эйр, Аэромонголиа дотоодын агаарын тээвэрлэгч авиакомпаниуд тээвэрлэж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар, "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлаас дотоодын дөрвөн нислэг үйлдэж байна. “Буянт-Ухаа” ОУНБ-ын хувьд байнгын бэлэн байдалд, 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулж цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байна.
"Буянт-Ухаа" дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, ИНҮТ-ийн Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд хамтран өнөөдрийн орон нутгийн нислэгийн үеэр зорчигчдыг хоорондоо 1,5-2 метр зай барьж үйлчлүүлэх, халуунаа хэмжүүлэх, амны хаалт зүүж гараа ариутгах зэрэг шаардлага тавьж ажиллалаа.
Коронавирусний PCR шинжилгээ өгсөн зорчигчийг хүлээлгийн танхимд нэвтрүүлэхийн өмнө Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны ажилтнууд шалгаж байна. Нисэх буудал руу иргэд хувийн машинаар хүргүүлж ирэхэд нисэх буудлын хувьд холбогдох бичиг баримтыг шалган саадгүй нэвтрүүлж байгаа юм.
Агаарын тээврээр орон нутаг руу зорчих иргэд “Аэро Монголиа” компанийн 7010 3030, “Хүннү Эйр” компанийн 7000 1111 дугаарын утсаар холбогдож бүртгүүлнэ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба мэдээлэв.