12 хүнээс халдвар илэрч, батлагдсан  тохиолдол 831 болов

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2020.12.04) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид арванхоёрдугаар сарын 04-ний 11.00 цагийн байдлаар нийт 19680 сорьцод шинжилгээ хийсэн байна. Нийт 12 хүнээс Covid-19-ийн халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод долоон тохиолдол илэрсэн бөгөөд ХӨСҮТ-ийн хоёр ариутгагч, өмнөх батлагдсан тохиолдлуудын таван хавьтлаас тус тус илэрлээ.  Нийт 12 хүнээс Covid-19-ийн халдвар илэрч, Монгол Улсад батлагдсан  тохиолдол 831 болов. Үүнээс эдгэрсэн 365, нийт 457 хүн эмчлэгдэж буйн дотор биеийн байдал нь хүнд гурав, хүндэвтэр 75, хөнгөн 374 хүн, нутаг буцсан есөн хүн байна.

Зөөвөрлөгдөн ирсэн халдварын нийт тохиолдол 383. Харин дотооддоо халдвар авсан тохиолдол нийт 448 боллоо. Тодруулбал:

  • Улаанбаатар хотод шинээр долоо, нийт тохиолдол 96
  • Сэлэнгэд шинээр дөрөв тохиолдол, нийт тохиолдол 193
  • Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 21
  • Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 24
  • Дархан-Уулд шинээр нэг, нийт тохиолдол 45
  • Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол 4
  • Архангайд нэмж илрээгүй, нийт тохиолдол 3
  • Энхсарангаас илэрсэн нийт тохиолдол 49
  • ХӨСҮТ-ээс шинээр хоёр, нийт тохиолдол 13

Өчигдөр мэдээлсэн автобусны жолоочийн онош батлагдсан. Энэ хүн арваннэгдүгээр сарын 30-наас хойш тусгаарлаад байсан. Одоогоор тус автобус баазын 17 хүнийг ойрын хавьтал хэмээн тусгаарлаад байна. Автобусны жолоочийг бид гэрийн хорионд байлгаж байсан. Бид халдварын голомтоос зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудыг 21 хоног тусгаарлаж байгаа. Хан-Уул дүүргийн 4-р хорооны Арцатын ам гэдэг газраас халдварын голомт илэрсэн. Бид халдвар гарсан газруудын байршил, халдвар авсан хүмүүсийг нэрсийг ил гаргахгүй. Ил гаргахаар хүмүүс очоод гэрийнх нь цонхыг хагалж, байрнаас нь хөөж байна.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын тусгай үүргийн нислэгийг үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цуцалсан. Өнөөдрийн байдлаар 17 улсад 100 иргэн санхүүгийн хүнд байдалд байна. Бид НҮБ-тай хамтарч ажиллаж 440 гаруй иргэнд санхүүгийн туслалцаа үзүүлж, эх оронд нь авчирсан. Өнөөдрийн байдлаар гадаадын улс орнуудаас 2154 хүн яаралтай эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Ойрын хугацаанд 2-3 нислэг хийх талаар судалж байна. Яаралтай ирэх хүсэлтэй хүмүүсийг эдгээр нислэгээр авчирна. Хүнд байдалд байгаа 100 иргэний заримынх нь тусгаарлах байр, нислэгийн төлбөрийг нь бүрэн дааж авчрах болно. Арваннэгдүгээр сарын 20-ноос эхлэн Хятадаас нүүрсний экспортод хязгаарлалт тавьж эхэлсэн. Бид нүүрсний экспортыг тасалдуулахгүйн тулд ажиллаж байна. Монголын талд хийгдсэн PCR шинжилгээг Хятадын тал хүлээн зөвшөөрөхөөр яригдаж байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Өнөөдрийн байдлаар 4244 хүнийг халдварын хавьтал хэмээн үзэж тусгаарлаад байна. Эрүүл мэндийн байгууллагын 2589 ажилчин 24 цагаар ажиллаж байна. Улсын хэмжээнд нийт 194,208 хүн шинжилгээнд хамрагджээ. Үүнээс 137,469 хүний хариу сөрөг гарсан бол 56,739 хүний хариуг шинжилж байна. Аль болох витамин, шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэж, шингэн зүйлсийг бага багаар ууж байхыг сануулж байна. Халдвар өвчин тусаад өвдөхгүй хүмүүс байна. Шинж тэмдэггүй байж байгаад 2-3 хоногийн дараа шинж тэмдэг илэрч буй хүмүүс ч байна. Энэ өвчний нууц үе 14 хоног. Халдвар гарсан газраас 28 хоногийн дотор дахин халдвар гараагүй бол халдвар цомхотгосон гэж үзэж байгаа. Нэг удаагийн шинжилгээнд бүрэн зогслоо гэж үзэж болохгүй.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ:

-Өчигдөр Баянзүрх дүүрэгт ээж нь халдвар авсан хүүхдүүдийг байрных нь оршин суугчид гэрт нь оруулаагүй байна. Халдвар авсан иргэд, хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй байхыг та бүхнээсээ хүсье. Эдгээр хоёр хүүхдийг түр хамгаалах байранд оруулсан. Сэлэнгэ аймагт л гэхэд 148 хүүхэд хараа хяналтгүй болсон. Монгол улсын хэмжээнд одоогоор 32 түр хамгаалах байр ажиллаж байна гэлээ.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн үйлчлэгч, автобусны жолоочоос коронавирус илэрсэнтэй холбоотой ойрын болон дам харилцагчдыг шинжилгээнд хамруулж байна.

Тэд халдвар тээгчийн дам харилцагч болж, гэрийн тусгаарлалтад байсныг  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Хуралд мөн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл оролцож сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

-ШЕЗ-ийн үйлчлэгч, автобусны жолоочоос коронавирус илэрлээ. Тусгаарлалтад ороогүй байсан гэж ойлгосон. Нийслэлд ойр харилцагчдыг нь олж чадахгүй байна уу. Батлагдсан тохиолдлын маршрутын талаар мэдээлнэ үү?

А.Амбасэлмаа: ШЕЗ-ийн үйлчлэгчийг хоёрдогч тохиолдлын харилцагчаар тусгаарласан байсан. Харилцагчдыг хөөж судалж олоод шинжилгээ хийж байгаа. ШЕЗ-ийн ажилтнуудаас коронавирус илрээгүй. Хоёр дахь харилцагчдыг гэрийн ажиглалтад, ойрын 10 гаруй хүнийг нь тусгаарласан. “Автобус 1” баазын жолоочийг 28-аас хойш гэрээр тусгаарласан. 11 дүгээр сарын 29, 30-нд хойш ажилдаа очоогүй. Батлагдсан тохиолдлын ойрын харилцагч гэдэг нь вирус батлагдахаас өмнө 24-48 цаг, батлагдсанаас хойш 14 хоногийн дотор хамт байсан хүнийг хэлдэг. Автобусны жолоочтой 3-5 хоногт ойр байсан хүмүүсийг зааврын дагуу арга хэмжээ авсан. Өдөр бүр 12-16 мянган хүнийг шинжилж байна. Эндээс ямар ч хамааралгүй хүн гарч ирвэл ард иргэдийн дунд эрсдэлтэй гэсэн үг. Халдвар алдаж, голомтын цар хүрээг барьж чадахгүй мэдээллээр иргэдийг үймүүлэхгүй байхыг хүсье. Төрийн байгууллага боломжийн хэрээр голомтын хариу арга хэмжээ авч, алдахгүйн төлөө хөл хориог сунгасан. Агаар дуслын халдвар учир хэн ч өвчилж болно. Эхний голомтуудаа хяналтдаа авсан. Цааш үргэлжлүүлэн танадаж байна. Агаар дусал, вирусний гаралтай халдварын тархалт 2-3 сар үргэлжилдэг. Ард иргэд зөв ойлголттой байж, иргэн бүр өөрсдийгөө хамгаалж гадуур явахгүй байхад анхаарах хэрэгтэй.

-Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны хэдэн гудамж тусгаарласан, нөхцөл байдал ямар байгаа вэ?

А.Амбасэлмаа: Тус дүүргийн Арцатын 3-ын 11 тоотоос гэр бүл найз нөхдийн хүрээлэлд голомт үүссэн. Эндээс салбарлан төрсөн өдрийн баярт очсон, ажлын газрынх гээд хориод тохиолдол гарсан тул хөл хорио тогтоосон. Иргэдэд өвчилсөн хүний гудамж, хороолол хэлэхгүй. Өвчтөнүүд гомдол мэдүүлдэг. Халдвар гарсан гээд хүнийг амьдарч байгаа байрнаас нь хөөж, цонх руу нь чулуу шидэж байна. Хэн ч халдвар авна. Сэтгүүлчид халдвар авсан хүний гудамж, хаяг шаардахгүй байхыг хүсье. Өвдсөн хүмүүсийг хамгаалах нь эмч хүний үүрэг юм.

Д.Нарангэрэл: Тухайн хүнийг ялгараварлан гадуурхах ёсгүй. Энэ хүнд цаг үед дэлхий дахинд албан байгууллага хүртэл ажилтнаа өвдсөн тохиолдолд ажлыг нь хэн хийх зэргээр ажлаа зохицуулж байна. Ялгаварлан гадуурхаж болохгүй. Хамтын хүчээр эв нэгдэлтэй байж цар тахлын ард гарна. Хэн өвдөх нь онцын ач холбогдолтой биш.

-Халдвар авсан хүнээс дунджаар 5-7 хоногт вирус илэрч байгааг дэлхий нийт зарлаж байгаа. Манайд 19-21 хоногт илэрч байгаа нь шинжилгээ авахад алдаа гараад байна уу, эсвэл эрүүл хүнийг тусгаарлаад 21 хоногтоо халдвар аваад байна уу?

А.Амбасэлмаа: Дэлхий дахинаа халдварын нууц үеийг 14 хоног гэж байгаа. Халдварын дундаж нууц үеийн хугацаа 5-7 хоног, цаад хугацаа 14. Голомттой бүс нутгаас ирсэн ард иргэдийг 21 хоног тусгаарласан. Энд хөнгөн балархай өвдөөд эдгэсэн, халдвар аваад энд ирсний дараахан онош батлагдаж байв. Бид 80 гаруй хувийг нь орж ирмэгц, 10 гаруй хувийг 14 хоногт, 2,8 хувийг 15-с дээш хоногт оношилсон. 21 хоногийн арга хэмжээ сайн байсан учир 10 сар дотоодод алдаагүй. Иймд вирус 5-7 хоногт илрэх ёстой гэсэн үг биш. Судалгаагаар 3-14 хоногт вирус илэрч байгаа. ДЭМБ-ын удирдамж жишгээр явж байна.

-Халдвар тээгч, өвчтөн гэдэг 2 ялгаа дэлхий нийтэд байна уу? Хөнгөн халдвар тээгчийг өвчтөн гэж үзээд ялгаварлан гадуурхаж байгааг тайлбарлаж өгөөч?

Д.Нарангэрэл: Халдвар аваад тухайн хүн өвдөхгүй тохиолдол байна. Шинж тэмдэг нь 2-3 хоногийн дараа илрэх зэргээр тодорхой үе шаттай хугацаа байдаг. Халдварт өвчин эдгэсний дараа тухайн хүн вирус ялгаруулах тохиолдол бий. Энэ нь халдварт өвчний зүй тогтол юм. Шинэ вирус учир баттай тогтоосон судалгаа алга байна.

-Сэлэнгэ аймгийн Мандал сум 14 хоногийн өмнө эрүүл бүс болсныг Засаг дарга нь хэлсэн. Гэтэл тухайн бүс нутгаас халдварын голомт гээд хүмүүсийг гаргахгүй атлаа Улаанбаатар, Дарханаас иргэдийг гаргаж байгааг тайлбарлана уу?

Д.Нарангэрэл: Вирусний нууц үе 14, хяналтын 14 гээд дахин өвчлөл гараагүй бол голомтыг цомхотгосон гэж үздэг зарчмаар явж байна. PCR шинжилгээ нэг удаа хийлгээд халдваргүй гэж бодох нь буруу. Давтан шинжилгээгээр илэрч байгаа. Нууц үе, шинж тэмдэг илэрсэн, өвчилсөн, эдгэрэлтийн зэрэг гинжин урвалын хэлхээгээр явдаг.

А.Амбасэлмээ: Ойрын харилцагчийг дахин давтан шинжилнэ. Халдвартай хүний харилцагчаас дараагийн харилцагч гарах гээд хяналт тавих хугацаа бий. Долоо хоног өвчин гарахгүй бол голомтыг цомхотгосон гэж ойлгож болохгүй.

-ХӨСҮТ-ын хэдэн эмч халдвар авсан бэ?

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ын 13 хүн өвчилснийг эмчилж байгаа.

-Албан бус мэдээллээр “Автобус-1” баазын 5 хүнээс вирус илэрсэн гэж байгаа?

А.Амбасэлмаа: Нэг жолоочоос вирус илэрсэн нь батлагдлаа. Ойр байж харилцсан хүмүүсийн шинжилгээ үргэлжилж байна.

-Улаанбаатарт өрх бүрийн нэг иргэнээс шинжилгээ авах болсон. Хэр найдвартай вэ, эрсдэлийг хэр тооцоолж байна?

Д.Нарангэрэл: НЭМГ, НОК-оос Улаанбаатарт “Нэг өрх-нэг иргэн” шинжилгээ зохион байгуулна. Хаана шинжилгээ авах нь вэбсайтад байгаа. Дэлхийд энэ аргыг хэрэглэдэг. Шинжилгээгээр бүгд “сөрөг” гарлаа гээд голомт цомхотгосон гэсэн үг биш.

Сэтгэгдэл бичих