УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, "Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталлаа.
COVID-19 цар тахлын дотоодын халдвар дэгдсэнтэй холбогдуулан эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, өвчлөлийн цар хүрээ нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад тулгарах хүндрэлийг хохирол багатай даван туулах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахыг тогтоолд тусгажээ.
-Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад хуульд өөрчлөлт оруулах, өвчлөлийн нийгэм, эдийн засагг үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх саналаа УИХ-д танилцуулах;
-Иргэдийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сан байгуулж удирдлагаар хангахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгох;
-Коронавируст халдварын эмчилгээ, оношилгооны төвийг бүсчилсэн хэлбэрээр аймаг орон нутагт байгуулж PCR-н оношлуур аппаратаар хангах;
-Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хийж, Засаг дарга нарыг томилох асуудлыг шуурхайлах;
-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулах асуудлыг судалж, санал боловсруулан УИХ-д танилцуулах;
-Коронавируст халдварын вакциныг эхний ээлжинд худалдан авах чиглэлээр олон улсын байгууллагуудтай гэрээ хэлэлцээр байгуулах;
-Иргэд, олон нийтэд хувийн ариун цэврийг сахиж, хариуцлагатай байх, бусдын эрхийг хүндэтгэх талаарх мэдээлэл, сурталчилгааг идэвхжүүлэх;
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, эрдэмтэн судлаачдын саналыг харгалзан Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах эсэх тухай саналаа УИХ-д хуулийн дагаж мөрдөх хугацаа дуусахаас өмнө танилцуулж шийдвэрлүүлэхийг тусгажээ.