40 гаруй жилийн хугацаанд анх удаа сарны хөрсний дээжийг дэлхий рүү авчрах Хятадын “Чанъэ-5" сансрын аппарат манай гарагийн дагуул дээр амжилттай газарджээ.
Хятадын үндэсний сансрын агентлагийн мэдээлснээр, гадаргуу дээр буух ажиллагаа автомат горимоор явагдсан бөгөөд 15 минут үргэлжилж, мягмар гарагт орон нутгийн цагаар 23 цаг 15 минутад зөөлөн газардсан байна.
“Чанъэ-5" аппаратыг 11 дүгээр сарын 23-нд хөөргөсөн юм. Хөөргөснөөс таван өдрийн дараа сарны тойрог замд оржээ. Төхөөрөмж 2 кг реголит цуглуулахаар сарны үзэгдэх талд оршдог Рюмкер галт уулын оргилд газардсан байна. Манай гарагийн дагуулын энэ хэсгийг өмнө нь судалж байгаагүй юм.
Чулуулгийн дээж авахын тулд буугч төхөөрөмж сарны гадаргууг 2 м орчим гүн өрөмдөж, реголитын дээж /сул хөрс, чулуулгийн хэлтэрхий/ цуглуулах юм. Нийтдээ 2 кг орчим дээж цуглуулж, дэлхий рүү авчрахаар төлөвлөжээ. Буугч төхөөрөмжийг мөн хэт улаан туяаны диапазонд ажилладаг спектрометр, аппаратын доорх хөрсийг сканердах чадвартай радараар тоноглосон байна.
"Чанъэ-5" аппарат нь 8.2 тонн жинтэй бөгөөд саран дээр буух, гадаргуугаас нь хөөрөх, дээж бүхий контейнерыг тойрог замд залгах, дахин ачих, мөн дэлхий рүү буцаж ирэхэд зориулагдсан дөрвөн модулаас бүрджээ. Өмнөх цуврал загваруудаас ялгаатай нь сарны хүйтэн шөнө халаах төхөөрөмжөөр тоноглогдоогүй учир хөрсний дээж авах ажлыг өдрийн цагаар хийх юм. Үүнд дэлхийн 14 өдөртэй тэнцэх сарны нэг өдөр шаардагдана гэж таамаглаж байна.
Хятадын "Чанъэ-5" сансрын автомат станц сарны гадаргуугийн дээд давхарга дахь сул хөрс /реголит/ цуглуулах ажлаа дуусгасан талаар Хятадын Үндэсний сансрын корпорациас өнөөдөр мэдээлэв. "12 дугаар сарын 2-ны өдөр Бээжингийн цагаар 22:00 цагт дээж цуглуулж дууссаны дараа аппаратын буух, хөөрөх хоёр модуль "дээжийг савлах ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна". хэмээн мэдээлэд дурьдсан бөгөөд дээж цуглуулах ажил 19 цаг үргэлжилжээ. Ирэх өдрүүдэд "Чанъэ-5" хөрсний дээжийг сарны тойрог замд хүргэж, дараа нь дэлхий рүү авчрах юм.
"Чанъэ-5" аппаратыг өнгөрсөн долоо хоногт "Чанжэн-5" зөөгч пуужингаар хөөргөсөн билээ. Хөөргөснөөс хойш гурван долоо хоног орчмын дараа (ойролцоогоор 12 дугаар сарын 17-нд) сарны хөрсний дээжийг манай гарагт авчрах ёстой байна. Нийтдээ 2 кг чулуулаг цуглуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнийг Хятадын эрдэмтэд шинжлэх ухааны зорилгоор төдийгүй саран дээр судалгааны бааз байгуулах бэлтгэл ажлыг хангах төсөлд зориулж судлахаар төлөвлөж байгаа аж.
Хэрэв даалгавар амжилттай хэрэгжвэл Хятад улс АНУ, ЗХУ-ын дараа сарны хөрсний дээжийг дэлхий рүү авчирсан дэлхийн гурав дахь улс болно. Хамгийн сүүлд 1976 онд ЗХУ-ын гараг хоорондын "Луна-24" станц сарнаас 170 грамм чулуулгийн дээж авчирсан юм.
/TASS/