“Парис-2024” олимпын хамтрагчид хуралдав

оруулсан Алсын Хараа

“Парис-2024” зуны XXXIII олимпын наадмыг зохион байгуулах хороо, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны хамтарсан хуралдаан энэ долоо хоногт болов.

Энэхүү наадмыг Зохион байгуулах хороо /ЗБХ/-ны ерөнхийлөгч Тони Эстангье: “Бид цар тахлын дараах олимпын жинхэнэ өөдрөг дүр төрхийг илтгэсэн, шинэ эриний уриа дуудлага бүхий шинэ наадмыг зохион байгуулах болно. Түүнчлэн ивээн тэтгэгч, түнш байгууллага, хувь хүмүүстэй нягт хамтран, “Terre de Jeux 2024” /Наадмын нутаг/, “Le Club Paris” /Дэмжигчдийн клуб/, “Impact2024” /Түлхэц/ зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Франц улс, Парисын оршин суугчид, түүний дотор хагас сая хүүхэд залуучуудыг олимпизмын үйлсэд татан оролцуулах чиглэлээр тодорхой ажил төлөвлөсний дагуу 1,7 тэрбум евро зарцуулах төсөв баталсан. Мөн ОУОХ, Олон улсын спорт холбоодтой байнгын холбоотой ажиллахын зэрэгцээ тэмцээн уралдааны ордон танхимын бүтээн байгуулалт хэвийн үргэлжилж байна” гэж мэдэгдэв.

ОУОХ-ны зохицуулах комиссын дарга Пьер-Оливер Бекерс-Вьюжон "/Бельги/ “Парис-2024” олимпын бэлтгэл жигд хурдацтай урам зоригтой урагшилж, уян хатан, бүтээлч хандлагыг харилцан уялдаатай удирдлага болгон, спортын хөтөлбөр, өв соёлын санаачилга, түншүүдэд үзүүлэх үр нөлөө зэрэг амин чухал асуудлыг шуурхай оновчтой шийдэж буйг өндрөөр үнэлэв хэмээн МҮОХ-ноос мэдээллээ.

Зуны XXXIII олимпын наадам нь 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо болно. Өмнө нь 1900 онд Парис хот зуны II олимпын наадмыг зохион байгуулсан түүхтэй.

Сэтгэгдэл бичих