Хөдөлгөөн сийрэг замд хурд хэтрүүлснээс осол гаргажээ

оруулсан Алсын Хараа

Халтиргаатай замд хурдаа тохируулж яваагүйн улмаас зам тээврийн гурван осол өчигдөр гарсан байна.

Эдгээр осол нь Энхтайваны гүүр, ХУД-ийн уулын замд шөнийн 2:30 цагаас өглөөний 8:10 цагийн хооронд болжээ. Осол гаргасан гурван жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бөгөөд уулын замаар зорчиж явсан автомашины жолооч 42 настай Б замын хашлага мөргөсний улмаас хүнд гэмтсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжит бага хурдтай зорчих ёстой. Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, өвлийн цагт тохироогүй дугуйтай хөдөлгөөнд оролцож зам, замын байгууламж мөргөх, бусдын болон өөрийн эд хөрөнгөд хохирол учруулах зөрчил гаргаж байна.

Иймд  тээврийн хэрэгслийнхээ дугуйг өвлийнхөөр сольж, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар багасган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих