Токиогийн Олимпын үеэр тамирчдад тогтмол шинжилгээ хийнэ

оруулсан Алсын Хараа

/Kyodo/. Япон улс ирэх зун болох Токиогийн Олимп, Паралимпын наадамд оролцох тамирчдад 4-5 хоног тутам коронавирусний шинжилгээ өгөх шаардлага тавихаар төлөвлөж байна.

“COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд тамирчид халдварын шинж тэмдэг илрээгүй байсан ч шинжилгээнд хамрагдана гэж Олимпын наадмын үеэр хэрэгжүүлэх аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг боловсруулах ажлын хэсэг мэдээлжээ.

Мөн хилийн чанадаас Олимпын наадмыг үзэж сонирхохоор ирэх хүмүүсийг хүлээн авах, халдварын тохиолдол харьцангуй цөөн орноос ирсэн хүмүүсийг 14 хоногийн тусгаарлалтаас чөлөөлөх талаар хэлэлцэж байна. Гадаадын орнуудаас ирэх үзэгчдээс ойрын хавьтал тогтоох хавсралтыг ухаалаг гар утсандаа суулгах, биеийн байдлынхаа талаар мэдээлэхийг хүсэх төлөвтэй байгаа боловч тэдэнд нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахыг зөвшөөрөхгүй ажээ.

Арван мянган хүний багтаамжтай тамирчдын хотхонд халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь Олимпын наадмыг зохион байгуулагчдын шийдвэрлэх ёстой томоохон асуудлуудын нэг юм. Үүнтэй холбоотойгоор тамирчдын хотхоныг шинжилгээ хийх, хариуг гаргах байгууламжаар тоноглохоор төлөвлөжээ. Мөн хотхонд халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд тамирчдыг тэмцээнд оролцсоны дараа үзлэг хийх юм.

“Эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн тамирчдын аюулгүй байдлын хангаснаар тэд тэмцээндээ илүү сайн анхаарах боломжтой болно” гэж Олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Фүкүй Цүёши хэлжээ. Гэвч шинжилгээг хэрхэн хийх, наадмын нээлт, хаалтын ёслолын үеэр халдвартай тэмцэх ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зэрэг хэлэлцэх ёстой асуудал олон байгааг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл бичих