Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан, УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдалаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт 11 дүгээр сарын 21-28-нд ажиллав.
Ажлын хэсэг тус аймагт орших Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн авто зам, Цагаан хадны гаалийн хяналтын бүс, Гашуунсухайт, Нарийнсухайтын хилийн боомтод ажиллахдаа мэдээлэл сонсож, тодорхой үүрэг даалгавар өглөө.
Онцгой дэглэмийн үед “Ногоон бүс” тогтоох аж ахуй нэгж байгууллагуудын ажилтай танилцаж, төлөвлөгөөнд болон цаашдын үйл ажиллагаанд анхаарах зүйлс, тулгарч буй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх чиглэл, зөвлөмж өгч, компаниудын төлөөллийн санал бодлыг сонсон, мэдээлэл солилцов.
Ажлын хэсэг уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд нийт ажилтнуудаа түргэвчилсэн оношлуураар хийх шинжилгээнд хамруулах, байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтний орон тоог олшруулах, тусгаарлах өрөөг зориулалтын дагуу стандартад нийцүүлэн байгуулах үүрэг даалгавар, зөвлөмж өгсөн.
Мөн хилийн боомтуудад албан үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчдыг шинжилгээнд хамруулах тэдний дархлааг сайжруулахад анхаарах, гадаад паспорт болон бусад бичиг баримтыг олон хүн гар дамжуулахгүй байх нөхцөл бүрдүүлэх, хилийн боомтоор автомашин орох, гарах хэсгийг халдваргүйжүүлэх үүрэг өгчээ.