18 чиглэлийн аж ахуйн нэгж,компанийн үйл ажиллагааг нээх шийдвэрийн дагуу мэргэжлийн байгууллагаас мэдээлэл өгч байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:
"Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарч, Улаанбаатарт нийтдээ 18 чиглэлээр 13,000 ААН-ийн үйл ажиллагаа 12 дугаар сарын 1-нээс нээгдэж байгаа.
Үйл ажиллагаа нь нээгдсэнтэй холбогдуулан эдгээр ААН-үүдэд мэдэгдэл хүргүүлж байна. Уг мэдэгдэлд ААН-үүдийн үйл ажиллагаа эхлэхийн өмнөх бэлтгэл, эхэлсний дараа өдөр тутмын үйл ажиллагаандаа халдвар хамгааллыг хэрхэн хэрэгжүүлэх тухай юм. Эдгээр зөвлөмжийг цахимаар өгч байгаа бөгөөд хяналтаа цахимаар тавина. Иргэдийн гомдлыг цахимаар хүлээн авч, шуурхайг баг газар дээр нь очиж шалгалт хийнэ.
Өнөөдрийн байдлаар 18 чиглэлийн 13,000 ААН-д нийт 31 байцаагч цахимаар мэдэгдлээ хүргэж байна. Мөн байгууллагын фэйсбүүк хуудаст зөвлөмжөө оруулсан.
Ажил эхлэхийн өмнө ААН-үүдэд ажлын байранд их цэвэрлэгээ хийх, ажилчдаа шинжилгээнд хамруулах, гэрийн тусгаарлалтад байгаа ажилчдад чөлөө олгох, ажилчдын ширээ сандлыг 1.5-2 метрийн зайд байршуулах, шаардлагатай цэгүүдэд спиртэн суурьтай гар ариутгагчийг зайлшгүй байлгах шаардлагыг тавьж байгаа.
ААН-үүд өдөр тутмын үйл ажиллагаандаа ДЭМБ, ЭМЯ, УОК, НОК-оос өгсөн шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллана. Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд хуулийн дагуу Зөрчлийн хэрэг үүсгэн хариуцлага тооцохыг албан ёсоор мэдэгдье.
Улаанбаатар хотын хүнсний дэлгүүр болон гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдээр хяналт, шалгалтыг хийж байна. Өнгөрсөн өдрүүдэд хугацаа дууссан хиам, наполеон торт, хэрчсэн гурил илэрч, устгасан.
Эмийн үйлдвэрүүд, эмийн санд шалгалт, хөдөө орон нутгийн иргэд буцаж байгаа учир товчоодод хяналт тавьж байна.
Тусгаарлах байруудыг маргаашаас эхлэн шалгах гэж байна.
Мөн 1,300 эмийн санд цахим хаягаар нь зөвлөмжөө өгсөн байгаа.
Арилжааны 12 банканд мөн мэдэгдэл өгсөн. Санхүүгийн зохицуулах хороо болон сав баглаа боодлын 15 үйлдвэрт мэдэгдлээ хүргүүлээд байна" гэв.