Улсын Нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-т дэвшилтэт технологи MRI аппаратыг ашиглах боломжтой болжээ.
Тодруулбал, ЭМЯ-ны 2016 онд Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн “Улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх " төслийн хүрээнд тус эмнэлэгт 3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1.5Т өндөр хүчин чадалтай MRI аппарат нийлүүлсэн юм. Тус MRI аппаратыг 2016 оны 10 дугаар сараас оношилгоонд ашиглаж эхэлсэн ч хөргөлтийн "Helium" бодисын ууршилттай холбоотой гэмтэл гарч, 3 удаагийн засвар үйлчилгээ хийж, нийт 7 сарын хугацаанд ашигласан байна.
Нэг гэмтэл давтан гарч байгаа асуудлыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны удирдлагуудын хамтарсан баг төслийг хэрэгжүүлэгч "Вамед инженеринг" компанид удаа дараа хүсэлт гаргаж, аппаратын толгой буюу үндсэн хэсгийг цогцоор нь солиулах зөвшилцөлд хүрчээ. Ингэснээр MRI аппаратны гол цөм толгойн хэсгийг бүтнээр нь солиход өндөр зардал, угсрах суурилуулах ажилд их хугацаа зарцуулсан байна.
Энэхүү өндөр хүчин чадал бүхий MRI аппарат ашиглалтад орсноор иргэдэд хүргэх мэдрэл, яс тулгуур эрхтэн, хэвлий болон бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн оношилгооны ач холбогдол, чанар, хүртээмж сайжрах юм.