Олимпын наадмын үеэр коронавирустэй тэмцэхэд 960 сая ам.доллар зориулна

оруулсан Алсын Хараа

Цар тахлын улмаас ирэх жил зохион байгуулахаар хойшлуулсан Токиогийн зуны Олимпын наадам болон Паралимпын наадмын үеэр коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 100 тэрбум иен буюу 960 сая ам. доллар зарцуулна гэж “Kyodo” агентлаг мэдээлэв.

Үүнд эмнэлгийн нэмэлт тоног төхөөрөмж худалдан авах, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах зэрэг ажилд гарах зардлыг оруулжээ. Энэ мөнгөний ихэнхийг Японы Засгийн газраас гаргах төлөвтэй байна.

Токиогийн Олимпын наадамд бэлтгэх, мөн зохион байгуулахтай холбоотой зардлыг тус наадмыг зохион байгуулах хороо  2 тэрбум орчим ам.доллароор нэмэгдүүлэхээр болсон талаар “Yomiuri” сонин ням гарагт мэдээлсэн юм. Тэдний анхны төсөв 1.35 их наяд иен (12.3 ам.тэрбум доллар) байсан боловч Олимпын наадмыг бүтэн жилээр хойшлуулсан нь зардлыг нэмэгдүүлжээ.

Токиогийн Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд болох ёстой байсан боловч шинэ коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан бөгөөд 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд болно. Гэсэн хэдий ч “Токио-2020” нэрийг нь хэвээр үлдээхээр шийдсэн билээ.

Олимпын наадмыг зохион байгуулахдаа аюулгүй орчныг хангах, зардлыг багасгах, наадмыг зохион байгуулах хэлбэрийг хялбарчлах гэсэн гурван үндсэн зарчимд тулгуурлахаар төлөвлөж байна.

Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 62.2 сая хүн халдвар авч, 1.4 сая гаруй хүн нас баржээ.

/Kyodo/

Сэтгэгдэл бичих