Монголбанк мөнгөний бодлогын хүүг 6 хувьд хүргэх шийдвэр гаргасан нь нийт банкны системд 400 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг суллаж өгч байгаа нэг хэлбэр гэдгийг Төвбанкнаас мэдээлээд байгаа.
Үүнтэй зэрэгцэн банкууд чөлөөт эх үүсвэрээ ашиглавал мөн зах зээлд мөнгө нийлүүлж, энэ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хамгаалах боломжтойг Монголын банкны холбооноос мэдэгдээд байна. Тодруулбал, энэ талаар Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хэлэхдээ, "Арилжааны банкууд дээр чөлөөт эх үүсвэрийн хэмжээ хангалттай байгаа. Гагцхүү "COVID-19"-ийн цар тахлын нөлөөгөөр манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүд буурч буй өнөөгийн нөхцөл байдалд эдийн засаг руу мөнгө хийхэд эрсдэлтэй учир төрөөс баталгаа гаргах хэрэгтэй байна. Ингэсэн нөхцөлд банкууд дээр хангалттай хэмжээнд байгаа чөлөөт эх үүсвэрийг ашиглаад Засгийн газраас жижиг, дунд бизнесээ дэмжих, "COVID-19"-ийн цар тахлын нөлөөнд өртөөд буй дотоодын ААН-үүдээ хамгаалах боломж, бололцоо бий" гэсэн юм.