Жо Байден Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар Жен Псакиг томилохоор төлөвлөжээ

оруулсан Алсын Хараа

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын албан тушаалд Жен Псакиг томилохоор төлөвлөж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены албан ёсны цахим хуудсанд ням гарагт нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ.

Орос, Украины талаар дуулиантай мэдэгдэл хийдэг гэдгээрээ алдартай Жен Псаки нь АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаанд Цагаан ордон, Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч байсан юм. Тэрбээр одоо Байдены шилжилтийн багийн зөвлөхөөр ажиллаж байгаа аж.

Түүнчлэн Жо Байден Цагаан ордны харилцаа холбооны асуудал эрхэлсэн захирлаар Кейт Бедингфилдийг томилох бодолтой байна. Тэрбээр Байдены сонгуулийн өмнөх кампанит ажлын менежерийн орлогчоор, сонгуулийн үеэр штабынх нь харилцаа холбоог хариуцан ажиллажээ. Цагаан ордны харилцаа холбооны асуудал эрхэлсэн захирал нь АНУ-ын засаг захиргааны олон нийтэд чиглэсэн мэдээлэл-суртал нэвтрүүлгийн бодлогыг бүхэлд нь хариуцдаг байна.

"Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах Цагаан ордны гол баг дан эмэгтэйчүүдээс бүрдэнэ гэдгийг мэдэгдэж байгаадаа баяртай байна" гэж Жо Байден онцлон тэмдэглэжээ.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч даргын албыг Карин Жан-Пьер хашина. АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрисын албан ёсны төлөөлөгчөөр Симон Сандерс, Эшли Этьен нарыг томилохоор төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл бичих