Олны анхаарал татсан хэргүүдийн давж заалдах шатны шүүх хуралдаанууд ирэх долоо хоногт товлогджээ. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 1-н буюу Мягмар гарагт С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.
2020 оны долоодугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс С.Баярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, нийт таван жил хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял тус тус оноосон юм.
Мөн арванхоёрдугаар сарын 3 буюу Пүрэв гарагт С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд товложээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон байна.
Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасаж, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 1.6 жил хорих ял тус тус оногдуулжээ.
Дээр дурдсан давж заалдах шатны шүүх хуралдаанууд цахимаар явагдах юм байна.