Өнгөрсөн 1 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд дэлхийн мянга гаруй том компани кибер халдлагад өртжээ. “Nikkei” сонины мэргэжилтнүүд кибер аюулгүй байдлын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Trend Micro” олон улсын фирмтэй хамтран судалгаа явуулжээ.
Судалгаанд дурдсанаар, өнгөрсөн оноос вирус ашиглан кибер халдлага үйлдсэн тохиолдол огцом нэмэгджээ. Халдлага үйлдэгчид хаалттай мэдээллийг хулгайлсныхаа дараа төлбөр төлөх шаардлагыг нь биелүүлэхгүй бол хулгайлсан нууц мэдээллээ задруулна гэж компаниудыг сүрдүүлдэг байна. Нууц мэдээллийг задруулах нь компанийн нэр хүндэд халтай.
Халдлагад өртсөн компаниуд дунд Японы “Toyota Motor”, БНСУ-ын “LG Electronics” зэрэг компани багтжээ. Эдгээр компанийн дийлэнх нь шаардлага биелүүлэхээс татгалздаг байна. Гэсэн ч “Nikkei” сонины мэдээлснээр, өнгөрсөн онд Японы компаниудын 32 хувь нь халдлагад өртсөнийхөө дараа төлбөрийн нөхцөлийг хүлээж авахыг илүүд үзсэн байна.