Улс хоорондын тээврийн талаар хэлэлцэв

оруулсан Алсын Хараа

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед улс хоорондын ачаа тээвэрлэлтийг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах Шуурхай бүлэг ЗТХЯ-нд өдөр бүр цахим хурал хийж байгаа.

Сүүлийн хурлаар улс хоорондын тээвэрлэлт, хилийн боомтын үйл ажиллагаанд үүсч буй хүндрэл, шийдэх арга замыг тодорхойлж, холбогдох байгууллагатай хамтран зохицуулалт хийх талаар хэлэлцэв.

Үүссэн нөхцөл байдал, улс хоорондын ачаа тээвэрлэлтийг нэгдсэн удирдлагаар хангах, түүнд үүсч буй хүндрэл, саатлыг арилгахад холбогдох байгууллага, салбарын яамдтай хамтарч ажиллах шаардлагатай талаар УОК-т хандаж шийдвэр гаргуулахаар болов.

Хурлаар Монгол Улсаас Эрээн хотод суугаа консултай холбогдон Эрээнд ажиллах 50 жолоочийн тоог гүйцээх асуудал тавих, зогсоолд байгаа тээврийн хэрэгсэл эзэмшигч байгууллагатай холбогдож хоол хүнс, шатахуун, халдваргүй хувцас, хэрэгслээр хангахыг тухайн тээвэр хийх аж ахуйн нэгжийн удирдлагад мэдэгдэж, хангалтыг хариуцуулахыг ярилцлаа.

Мөн Монголын талд PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан жолооч нарыг хилээр нэвтрүүлэхийг Ганцмод боомтын удирдлагатай ярих, шаардлагатай бол Хятадын талтай видео хурал хийх, Говь Алтай аймаг дахь Бургастай боомтоор тээвэрлэлт хийх бэлтгэл хангахыг хэлэлцэв.

Сэтгэгдэл бичих