"Ковид-19"-ийн 26 тохиолдол нэмэгдсэнээр дотоодын халдвар 300 боллоо

оруулсан Алсын Хараа

Монгол Улс хүн амынхаа дунд коронавируст халдварын илрүүлэг шинжилгээг маш эрчимтэй хийж байгааг ЭМЯ-ны өнөөдрийн /2020.11.27/ 11.00 цагийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан онцлов. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 26-нд  хийсэн шинжилгээгээр 26 хүнд коронавирус илэрчээ.

Нийт  18 031 хүнд коронавирусний шинжилгээ хийсэн бөгөөд Улаанбаатарт 2, Сэлэнгэ аймагт 9, Дархан-Уул аймагт 11, Орхон аймагт 1, Дорноговь аймагт хоёр тохиолдол нэмэгджээ. Түүнчлэн ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн нэг ажилтан шинээр коронавирусээр халдварласан байна. Ингэснээр дотоодын халдвар 300 болж байна.

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Улаанбаатар хотод бүртгэгдсэн хоёр тохиолдол өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан, батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүүхэд, бариа засагчтай хавьтал болсон хүн” гэдгийг тодотгов.

Дүүргүүдээр авч үзвэл, Баянгол дүүрэгт 16, Сонгонохйархан 19 , Баянзүрх 18, Сүхбаатар  12, Хан-Уул 7,  Багануур 1, Чингэлтэй дүүрэгт  1 тохиолдол тус тус бүртгэгдэж  нийт 23 хороонд 65 тохиолдол бүртгэгджээ. Тэдний ойрын хавьтал 977 хүнийг илрүүлэн хяналт тандалт, шинжилгээ хийж байгаа аж.

Харин өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжжээ.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол  738 болж байна.  Үүнээс 347 хүн эдгэрээд байгаа юм. Ажиглалтад 24 хүн, гэрийн ажиглалтад нэг хүн байгаа бол 322 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт  384 хүн эмчлүүлж буйгаас нэг хүний биеийн байдал хүнд, аппаратад байна. Уг хүн 80 настай, сахарын диабеттэй, артерийн даралт өндөр, зүрх судасны архаг хуучтай боловч биеийн байдал тогтвортой байгаа аж. Хүнд тав, хүндэвтэр 72, хөнгөн 306 хүн эмчлүүлж байна.

Монгол Улсад бүртгэгдсэн 29 тохиолдол дээр коронавируст халдварын нууц үеийн хугацааг судалж үзжээ. Харин ДЭМБ-аас 50 гаруй өвчтөнд хийсэн судалгаагаар энэ хугацааг 14 хоног гэж тооцсон байдаг аж. Энэ тухай ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Эрүүл хүн халдвартай хүнтэй  өртөх, вирус хүний биед халдвар орсноос хойш эмнэл зүйн шинж тэмдэг буюу вирус илрэх хугацааг халдварт өвчний нууц үе гэж нэрлэдэг. Коронавируст халдвар гарснаас хойш  ДЭМБ, дэлхийн улс орнууд дунджаар 5-6  хоногийн нууц үедээ өвчин илрээд байна гэж үзсэн. Тэгвэл Монгол Улсын 29 тохиолдолд нууц үеийн хугацааг судалж үзлээ. Энэхүү судалгаагаар халдвартай хүнтэй өртсөн буюу хавьтал болсноос хойш 3-13 хоногт халдварын шинж тэмдэг буюу шинжилгээгээр вирус илэрсэн. Тэгэхээр эдгээр 29 хүний байдлаас үзэхэд, дунджаар 5-7 хоногт халдварын нууц үеийн хугацаа илэрч байна гэж ойлгох хэрэгтэй. Халдварын нууц үе, вирус илрэх хугацаа тухайн хүний эрүүл мэндийн байдал, дархлаа, өвчтөнтэй хэр ойрхон хавьтал болсон гэдгээс хамаарна” гэв.

Манай улсад коронавирусээр 2-90  насныхан халдварлажээ. Дундаж нас 32.8 бөгөөд үүнээс 19 хүртэлх насны 29 хувь, 20-59 насны 62 хувь, 60-аас  дээш насны 10 хувь нь халдварт өртсөн байна. Хүйсийн хувьд 57 хувь нь эмэгтэй, 43 хувь нь эрэгтэйчүүд байгаа аж.

Нийт бүртгэгдсэн тохиолдлын 32 хувьд нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрчээ. Хамар битүүрэх, хуурай ханиалгах, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг өвчтөнд илэрсэн байна.

Тус яамны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулсан юм.

-Улсаас шаардлагатай төсвийг гаргаад нийт иргэнээ шинжилгээнд хамруулах боломж бий юу?

Д.Нарангэрэл: ДЭМБ болон бусад орнууд цар тахлыг зөөвөрлөсөн, хүн амын дунд алаг цоог тархсан, кластер, бүх нийтийн дунд тархах зэргээр ангилж байгаа. Монгол Улсын хувьд хүн амын дунд алаг цоог гарсан ангилалд байгаа. Алаг цоог байгаа үед дэлхий нийт голомтот болон эрсдэлт бүлгийнхээ хүнийг олж шинжилгээнд хамруулдаг. Нийт хүн амыг шинжилгээнд хамруулах нь хүн хүч, зардал шаардана. Гэхдээ бид бүх нийтийг шинжилгээнд хамруулж болно. Ер нь бол бид дэлхий нийттэй хөл нийлүүлж явна. Цар тахлыг хохирол багатай туулж буй орнууд ч дэлхий нийтэд шалгарсан үр дүнтэй аргуудыг хэрэглэж байгаа юм.

-Улсын хэмжээнд батлагдсан тохиолдлуудыг зөвхөн Улаанбаатар хотод эмчилж байгаа. Хөдөө орон нутагт эмчлэх боломж байхгүй юу?

Д.Нарангэрэл: Анх цар тахал зөөвөрлөгдөж байх үед бүх тохиолдлыг нийслэлд эмчилж байсан. Алаг цоог гарч эхлэх үед ХӨСҮТ-д төвлөрүүлж байсан. Гэхдээ улсын хэмжээнд 5 голомт байгаа тул аймаг, орон нутагт нь эмчлэхээр ЭМЯ ажиллаж байгаа. Тухайлбал, Сэлэнгэ аймагт коронавирусний тусгай эмчилгээний тасаг нээж байна.

-Энхсаран сувилалд БНХАУ-ын иргэдийг тусгаарлаж байсан уу?

А.Амбасэлмаа: Энэ сарын 13-нд Энхсаран сувилалд гадаадаас ирсэн жолоочийг тусгаарласан. Түүнтэй холбоотойгоор эхний хүн өвчилсөн. Тэнд ирсэн иргэд байраа голж шилсэн зэрэг асуудал гарсан. Дотоод дэглэм алдагдсан зүйл ч бий, мөн тэнд байсан хүмүүсийн сахилга, дэг журамтай холбоотой асуудал ч бий. Энхсаран сувилалд кластерт байсан 59 тохиолдлыг илрүүлсэн бөгөөд эхнээсээ эдгэрч байна. Мөн тус сувилалд энэ сарын 17-ноос хойш халдвар гараагүй. Энэ нь тус сувилалд гарсан голомтыг хязгаарласан гэсэн үг.

-Орон нутгаас Улаанбаатар хотод ирэх хүсэлтэй 10 мянга гаруй иргэнээс хэрхэн шинжилгээ авч байна вэ. Халдвар бүртгэгдсэн аймгаас ирж байгаа иргэдийг нийслэлд тусгаарлах уу?

Д.Нарангэрэл: Нийслэлээс хөдөө орон нутаг руу явах шинжилгээ авах 20 цэг бий. Эдгээр иргэд 119.mn цахим хуудсанд бүртгүүлэх ёстой. Бүртгүүлээд шинжилгээ өгөөд нутагтаа очоод өөрийгөө тусгаарлах ёстой. Учир нь коронавирусний цонх үе, нууц үе, шинж тэмдэг илрэх үе гэж бий.

-Бүх нийтийн дунд цар тахал дэгдсэн эсэхийг тодорхойлохын тулд өрх бүрээс нэг иргэнээс шинжилгээ авах боломж бий юу?

А.Амбасэлмаа: Бид хүн амынхаа дунд өргөн илрүүлгийг хийж байгаа. Амьсгалын замын халдварын үед өнөөдөр шинжилгээ өгсөн хүн маргааш халдвар авах ч эрсдэл бий. Монгол Улс маш эрчимтэй илрүүлэг хийж байгаа. Тухайлбал, Улаанбаатар хот 63 тохиолдол бүртгэгдсэн байхад бид 127 мянга 820 иргэнийг шинжилгээ хийсэн байна. Хүн амын  дунд хийж буй өргөн хүрээний илрүүлгийн үеэр 20 хувьд нь вирус илэрсэн тохиолдолд бүх нийтийн дунд халдвар тархсан гэж үзэж болно. 10 хувиас дээш бол олон кластер болж байна гэж үздэг. Харин Монгол Улсын хувьд 0.06-0.09 хувьд л вирус илэрч байна. Тэгэхээр иргэд айж сандрах зүйлгүй. Бид боломжийн хэрээр хязгаарлалтад авч байгаа. Тиймээс иргэд төр засгийн бодлогоо дэмжиж, эв нэгдэлтэй байхыг хүсье.

-Нийт батлагдсан тохиолдлуудын хэдэн хувь нь ойрын, хэдэн хувь нь дам хавьтлаас илэрч байна вэ?

-А.Амбасэлмаа: Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш батлагдсан тохиолдлуудын 98 хувь нь ойрын, 2 хувь нь дам буюу хоёр, гурав дахь хавьтлын хүмүүс байна.

Сэтгэгдэл бичих