УОК-ын шуурхай штабаас аймаг, орон нутаг руу буцах иргэдийн хөдөлгөөнийг 12 дугаар сарын 1-нээс 10 хоногт багтаан зохион байгуулах талаар өнөөдөр мэдээллээ.
Аймаг, орон нутаг руу буцах иргэдийн хөдөлгөөнийг зохицуулж, зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцуулахдаа, аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн “Зорчигч тээврийг зохицуулах түр журам” энэ сарын 25-нд батлагдсанаар иргэдийг тээвэрлэхэд бэлэн болсныг тодотгов.
Үүний өмнө аймаг, орон нутаг руу буцах иргэдийг судалсан байна. Нийтдээ 100 мянган иргэн орон нутгаас болон Улаанбаатараас шилжих хөдөлгөөн хийнэ гэсэн тооцоогоор тээвэрлэлтийг төлөвлөжээ. Буцах иргэдээс 11 дүгээр сарын 29-нөөс эхлэн шинжилгээ авахаар зохион байгуулж байгаа. Нэг ёсондоо зорчих журмаар бол иргэд 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх ёстой аж. Шинжилгээг одоо авч буй цэгүүд дээр хийх боломжгүй учир ажлын хэсэг УОК-той ярьж байгаад 20 цэгийг нэмж байгуулж байгаа аж.
