Германы эрх баригчид тус улсад 11 дүгээр сарын 2-нд тогтоосон хязгаарлалтыг 12 дугаар сарын 20 хүртэл сунгалаа.
Хорио цээрийн дэглэмийг сунгахаар болсныг Германы Канцлер Ангела Меркель лхагва гарагт мэдэгдсэн байна. Үүнээс гадна, шинэ жилийн шөнө хөл хөдөлгөөн ихтэй гудамж, талбайд салют буудуулахыг хоригложээ. Мөн энэ удаад шинэ жилийн баярыг тохиолдуулан янз бүрийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар болсон байна.
“Хорио цээрийг 12 дугаар сарын 20 хүртэл сунгаж байна. Гэвч хүмүүс хоорондын харилцааг нэгдүгээр сар хүртэл хязгаарлах шаардлагатай байна. 12 дугаар сарын 23-наас шинэ он хүртэл баярын өдрүүдээр 10-аас илүүгүй хүн нэг дор цуглаж болно” гэж Германы Канцлер мэдэгдсэн байна.
Тус улсын засгийн газрын төлөөлөгчид хорио цээрийн дэглэмийг сунгах шаардлагатай байгааг 11 дүгээр сарын эхэн үеэс хэрэгжиж эхэлсэн хязгаарлалтын зөөлөн арга хэмжээ нь хүлээгдэж буй үр дүнгээ хараахан өгөхгүй байгаатай холбон тайлбарлажээ. Германд өдөрт илэрч буй халдварын тохиолдол өндөр хэвээр байгаа юм. 11 дүгээр сарын 25-ны лхагва гаргийн өглөөний байдлаар 18633 хүний коронавирусний шинжилгээний хариу "эерэг" гарчээ.
Германаас гадна, Люксембург, Болгар улсууд зоогийн газрууд, үзвэр үйлчилгээний газруудаа бүгдийг нь хаахаар шийдсэн байна
Их Британид сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвараар 700 орчим хүн нас баржээ. Энэ нь тавдугаар сарын эхэн үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч тус улсын эрх баригчид Зул сарын баярын үеэр хорио цээрийн дэглэмийг сулруулахыг зөвшөөрчээ. Тус улсын иргэдэд төрөл садан, ойр дотнынхонтойгоо уулзахыг зөвшөөрсөн боловч гэртээ урих гэр бүлийн тоог хоёроос хэтрүүлж болохгүй байна. 12 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд улс орон дотор зорчих хязгаарлалтыг цуцалжээ.
Гэхдээ 100 мянган хүнд ногдох нас баралтын тоогоор Европт Чех улс нэгдүгээрт орж байгаа бөгөөд тус улс энэ үзүүлэлтээр Бельги, Болгарыг өмнө бичигдэх болжээ. Чехэд коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тал гаруй хувь нь 11 дүгээр сард бүртгэгдсэн байна. Хөрш Польш улсад мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 674 хүн нас барж, өдөрт нас барсан үзүүлэлтийг шинэчилсэн байна. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо нэг сая давжээ. Европын орнууд одоо вакцинд ихээхэн найдлага тавьж байна.
Европын комиссоос иргэддээ хандан тайвшрахгүй байхыг уриалжээ. “Өдөрт гурван мянган хүн нас барж байна. Зарим бүс нутагт эрчимт эмчилгээний тасгууд ачааллаа дийлэхгүй байна. Бид сургамж авах ёстой. Хэрэв хязгаарлалтыг яаравчлан цуцалбал Зул сарын баярын дараа гурав дахь давлагаа гарах эрсдэлтэй байна” гэж Европын Комиссын дарга Урсула фон Дер Лайен мэдэгджээ.