Манай улсад 10 эмэгтэй тутмын зургаа нь хүчирхийлэлд өртөж байна

оруулсан Алсын Хараа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Хүчирхийлэлгүй нийгэм” бий болгоход хүн бүрийн үүрэг оролцоо чухал учир гэр бүл, ажлын байр, олон нийтийн газарт “Хүчирхийллийг яг одоо цэглэе” 16 хоногийн аянд нэгдэхийг уриалав.

Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаагаар манай улсад 3 эмэгтэй тутмын нэг нь дотны хамтрагчаас бие махбод болон бэлгийн хүчирхийлэлд, 10 эмэгтэй тутмын 6 нь хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртөж байна.

Мөн 10 эмэгтэй тутмын нэг нь хүүхэд насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн харамсалтай дүн гарсныг ХНХЯ-ны цахим саятад дурджээ.

Дэлхий даяараа ковид-19 цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж, хүний эрхийн суурь зарчим зөрчигдөх магадлал өндөр.

Иймд ХНХЯ-ны хувьд өрх бүл, иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулж дэмжих, хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн хохирогчийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, хүчирхийллийг үл тэвчих хандлагыг төлөвшүүлж, зорилтот бүлгийн эрхийг хамгаалахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Тухайлбал, хүүхдийн тусламжийн 108 утсаар 24 цагийн туршид хүүхэд хамгааллын дуудлага авч, мэдээлэл, зөвлөгөөг өгдөг.

Хөл хорионы үед гэртээ халуун, дулаан уур амьсгал бүрдүүлж, хөрш айлын хүүхдэд анхаарал хандуулахад олон нийтийг уриалж, “Хэрсүү гурвалжин” хөдөлгөөн өрнүүлжээ. Мөн Гэр бүлийн боловсрол олгох, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх видео зөвлөмж, постер бэлтгэн, олонд түгээх нөлөөллийн ажлыг ч үргэлжлүүлж байгаа.

Сэтгэгдэл бичих