PCR шинжилгээгээр 13 хүнд коронавирус илэрлээ

оруулсан Алсын Хараа

ЭМЯ-ны өнөөдрийн /2020.11.26/ ээлжит мэдээллээр, нийслэл хот болон бүх аймагт халдварыг илрүүлэх түргэвчилсэн болон полимеразийн гинжин урвалын PCR шинжилгээг ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 25-нд 4176 хүнд хийхэд 13 хүнд коронавирус илэрчээ.

Улаанбаатарт 3 бүртгэгдсэн нь батлагдсан тохиолдлын хавьтлууд байв. Нэг нь нэг орцонд амьдардаг, бариа заслын үйлчилгээтэй холбоотой, нөгөө 2 нь найз нөхдийн хүрээнд гэр орноороо орж гарсан хүмүүс байв.

Ингэснээр нийслэлд батлагдсан тохиолдол 63 боллоо. Тухайлбал, Баянголд 16, Сонгинохайрханд 10, Баянзүрх дүүрэгт 17, Сүхбаатар дүүрэгт 11, Хан-Уулд 7, Багануур, Чингэлтэй дүүрэгт тус бүр нэг бүртгэгдлээ.

Тодруулбал:

Баянгол дүргийн 1,3,4,6,7,9,10,18 дугаар хороо

Баянзүрх дүүргийн 4,10

Сүхбаатар дүүргийн 12,13,16,18, хороо

Сонгинохайрхан дүүргийн 7,16,19,

Хан-Уул дүүргийн 10,16,21,

Чингэлтэй дүүргийн 19

Багануур дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт халдварын тохиолдол илрээд байгаа юм.

Сэлэнгэ аймагт 4 хүн мөн л хавьтлын хүрээнээс нэмж бүртгэгдэж, тус аймагт халдварын тохиолдол 148 болов.

Дархан-Уул аймагт шинээр 2 тохиолдол нэмэгдэж 22, Орхон аймагт 4 тохиолдол илэрч нийт 21 болсон нь бүгд өмнө батлагдсан хавьтлаас бүртгэгджээ. Дорноговь аймагт 18, Говьсүмбэрт 3 тохиолдол бүртгэгдсэн хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн 24 агт энэ өвчлөл нэмэгдэж бүртгэгдээгүй аж.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, “Короновирусний халдварт өвчлөл 275 тохиолдол боллоо. Монгол улсад нийт батлагдсан короновирусний тохиолдол 712, үүнээс 345 хүн эдгэсэн бол ажиглалтад 33, ажиглалт тандалт дууссан 312 хүн бий. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 360 батлагдсан тохиолдлыг эмчилж байна. Биеийн байдал нэн хүнд нэг хүн амьсгалын аппаратанд, хүнд 3, хүндэвтэр 55, хөнгөн 301 хүнийг эмчилж байна" гэв.

Тэрбээр, Улаанбаатарт төмөр зам дагасан болон нэг батлагдсан тохиолдлоос үүсэлтэй 2 голомтын талаар тайлбарлахдаа, “Эхний тохиолдлын хавьтал 9 байршилд 52 хүн, төмөр замын 3 байршилд 11 хүн, гэр бүлийн 12 хүн өвчилсөн. Гэр бүлийн халдварын индекс хамгийн өндөр буюу 52 хувьтай байгаа. Хүн гэртээ урьж бариа засал хийлгэснээр 23,1, караокетэй холбоотой 20-иод, буяны ажил, төрсөн өдөр, нэгнийдээ зочилсон 3-6 хувь, тоглолт үзсэнтэй холбоотой 2, орон сууцны орцны хавьтал 2,9 хувь бүртгэгдсэн. Төмөр замын голомтонд 4 гэр бүлийн хамрах хүрээний түвшин 26,7, ажилчдын дунд 3, эмнэлгийн ажилчин 5,2 хувийг эзэлж байна.

Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын 49,2 хувьд нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн. Гол шинж тэмдэг нь хуурай ханиалгах, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, хамар битүүрэх, нусгайрах, халуурах, жихүүдэс хүрэх, үнэр, амт мэдрэхгүй болох тохиолдол 8,2-24,6 хувьд нь илэрч байна. Мөн дотор муухайрах, холонд дургүй болох, үе мөч өвдөх, цээжээр хөндүүрлэх, амьсгаадах шинж тэмдэг 1-1,8 хувь илэрсэн. Батлагдсан тохиолдлын насны хязгаар Улаанбаатарт 4-73, улсын хэмжээнд 4-90 хүртэлх насныхан байна. Цэргийн төв эмнэлэгт 80 настай хүний биеийн байдал хүнд байгаа. Дундаж нас нь 33,5 нас байна" хэмээн нэмж ярив.

ХӨСҮТ-ийн лабораториос гадна Нийслэлийн Эрүүл мэндийн газар илрүүлэг шинжилгээнд идэвхтэй оролцож нийслэлийн хэмжээнд нийт 118 цэгт коронавирусний шинжилгээ хийж байна.

Тухайлбал, коронавируст халдварын зорилтот бүлгийн иргэдийг шинжилгээнд хамруулах 19, Төмөр замын нэгдсэн эмнэлэг, Улаанбаатарын 9 дүүрэгт 18, сайн дурын шинжилгээ авах 90 цэг Өрхийн эрүүл мэндийн төвүүд, голомтын өргөтгөсөн нэмэлт 9 цэг ажиллаж байгаа юм.

Энэ сарын 14-25-нд нийт 59 758 хүнд шинжилгээ хийснээс 15 799 хүнийг PCR шинжилгээнд хамруулсан. Мөн явуулын 3-5 баг өдөр бүр шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж, 1014 хүнд шинжилгээ хийжээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь ХӨСҮТ-ийн Шуурхай хариу  арга хэмжээний багтай хамтран ажиллаж, ойрын хавьтлыг тусгаарлан, бусад хавьтлыг илрүүлэхэд хамран ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн 24 цагийн дотор 116.229 хүн хамрагдсанаас 82424 хүний шинжилгээ сөрөг гарчээ. Бусад шинжилгээг үргэлжлүүлэн хийж байгаа талаар ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв. Тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-БНХАУ-ын ГХЯ-наас манайд эмнэлгийн тоног төхөөрөмжөөр туслаж дэмжихээ саяхан илэрхийлсэн. Энэ нь ямар тоног төхөөрөмж байгаа юм. Хэзээ орж ирж, бодит дэмжлэг болох вэ? 

Д.Нарангэрэл: -БНХАУ-ын Гадаад хэргийн сайд өнгөрсөн 9 дүгээр сард манай улсад айлчилсан. Энэ айлчлалын хүрээнд халдварын эсрэг тэмцэхэд туслаж дэмжихээр ярьж тохиролцон, манай улсад дотоодод халдвар гарсантай холбогдуулан тусламж дэмжлэгээ эрчимжүүлж хугацааг наашлуулах санал тавьж, бид авах, шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн тооцоо судалгаа жагсаалтыг шинэчлэн гаргаж БНХАУ-ын ЭСЯ-нд хүргүүлсэн. Энэ үүднээс БНХАУ-ын Засгийн газар үзүүлэх тусламжаа 1 дахин нэмэгдүүлэхээр шийдсэнээ бидэнд мэдэгдсэн. Энд PCR шинжилгээ хийх 4 тоног төхөөрөмж 2 оношлуур лаборатори хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн, ЭМЯ хүлээн авахаар бэлтгэж байна. Ингэснээр лабораторийн оношилгоо шинжилгээний хүчин чадал нэмэгдэх юм.

-ЭМЯ хөл хориог сунгах саналыг УОК-т гаргасан уу? Одоогийн нөхцөл байдлыг хумьж, шийдвэрлэхэд хэдий хугацаа шаардлагатай байгаа гэж тооцоолж байна вэ? Нийслэлд өнөөдрийн байдлаар тохиолдлын хэдэн голомт байна вэ?

А.Амбасэлмаа: -Улаанбаатарт эхний гарсан өвчлөлтэй одоогийн тохиолдлууд холбоотой. Тодруулбал, нийслэлд 9 байршилд 52 хүн өртсөн. Нэг гэр бүлийн 4-5 хүн зэрэг өвдөж байгаа зэргээс улбаалан ойрын хавьтлыг мөрдөн тандахад цаг хугацаа орж байна. Одоогоор 961 ойрын хавьтлыг илрүүлээд байна. Эхний шатны шинжилгээнд 556 хүн, 3 дахь шинжилгээнд 160 хүн ороод байна. Зарим хүнийг 4 удаа ч шинжилж байна. Ийм 28 хүн байгаа. Тиймээс халдварын эхний нууц үеийн хугацаа дууссан ч түүнээс хойш өвчлөл гараад буй учир хариу арга хэмжээний хугацаа хойшлогдоод байна.

Нийслэл хот дахь халдварын голомт хороо, дүүргээр:

Илрүүлье гэхэд хавьтлын хүмүүс үнэнээ хэлэхгүй байх тохиолдол гаргаж байна. Иймээс шаардагдаж эхний нууц үеийн илрүүлэх 14, түүний дараа хяналтын 14 хоног гээд дор хаяж 28 хоног болно, цааш үргэлжилнэ. Ер нь бол 1-2 сардаа үргэлжилдэг. Тиймээс хянаж хязгаарлаж ажиллах нь чухал юм. Олон улс дахь жишиг ч ийм байна. Дэглэмийг сахиснаар тархах эрсдэлийг 55 хувиар бууруулж байна гэсэн үг. Монгол Улс 70-80 хувиар хамгаалж байна гэж тооцоолж байгаа. Өвчлөл 3-4 дахин тархах эрсдэлээс сэргийлж байгаа.

-Халдварын тохиолдлын тоо эргэлзээтэй, зөрөөд байна. Тоог нэгтгээд үзэхээр 59 хүн дутаад байна. Энэ ямар хүмүүс  байна вэ? 

-Өнөөдрийн 712 батлагдсан тохиолдол гэхэд л, голомтод байгаа 275 хүн болон зөөвөрлөгдсөн гэж ангилж тооцож байгаа. Зөөвөрлөгдсөнөөс гадна Монгол Улсад эхний голомтын болон төмөр замын гэх мэтээр өвчлөлийн 4 кластер байгаа. Энд ХӨСҮТ-өөс 10 эмч, ажилтан өвчилсөн нь орж байгаа. 11 дүгээр сарын 16-наас хойш тохиолдол нэмэгдээгүй, хумьж авсан, эхнээсээ эдгээд хяналтын14 хоногтоо байгаа. 4 дахь кластер нь "Энхсаран" сувилалд гарч бүртгэгдсэн 59 тохиолдол байсан. Мөн ОХУ-ын 7 иргэн өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан. Ингээд тоо таарч байгаа.

-Сэлэнгэ аймгийн эмнэлэгт байдал ямар байна вэ? Эмч, ажилтнууд халдвар авсан уу? Унгар улсад тэмцээнд яваад ирсэн тамирчдаас мөн илэрсэн үү?

-Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг Улаанбаатарт авчран эмчилж байгаа. Тиймээс тэнд байгаа эмч, ажилтнууд батлагдсан тохиолдол дээр ажиллаагүй. Аймгийн нэгдсэн эмнэлэг хэвийн ажиллаж байгаа. Эмнэлгийн ажилтнуудаас өвдөөгүй. Унгар явсан тамирчдын тухай тийм мэдээллийг ЭМЯ болон ХӨСҮТ-өөс гаргаагүй.

Сэтгэгдэл бичих